Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн хаан асан олон жилийн дараа нууц охинтойгоо анх удаа уулзжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Бельгийн экс хааны нууц охин гэж өөрийгөө тодорхойлсон эмэгтэй сүүлийн 20 орчим жилийн турш биологийн эцэгтээ хүлээн зөвшөөрөгдөж, язгууртны хэргэмээ авахаар тэмцсэн билээ.

Эцэст нь энэ оны эхээр Бельгийн шүүх эцэг тогтоох шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаснаар 52 настай барималч Дэлфин Боэль 2013 онд хаан ширээнээсээ буусан 86 настай Альбертын охин болох нь тогтоогдсон юм.

Өнгөрсөн сард гаргасан шүүхийн шийдвэрийн үр дүнд Боэль гүнж хэргэмтэй болж, хаан эцгийнхээ хөрөнгөнөөс өв залгамжлах эрхтэй болсон. 

Тэгвэл өнгөрсөн Ням гарагт экс хаан Альберт хатан Паулагийн хамт гүнж Боэлийг хүлээн авч уулзаж, маргаан зөрчлөө зогсоож, эв найртай амьдрах болсноо зарласан байна.

Мягмар гарагт Бельгийн хааны ордноос гаргасан хамтарсан мэдэгдэлд “Маргаан зөрчил, зовлон шаналалын эцэст уучлах, эвлэрэх, шархаа эдгээх цаг ирлээ. Бид хамтдаа амьдралын шинэ хуудсаа нээхээр тохиролцов. Үүнд тэвчээр, хичээл зүтгэл шаардлагатай ч бид тууштай байх болно” гэжээ.

Ням гарагийн уулзалт халуун дулаан уур амьсгалтай болж, Бельгийн одоогийн хаан, гүнжийн эцэг нэгтэй дүү Филип оролцсоныг ордны захиргаанаас мэдээлсэн байна.

Мэдэгдэлтэй цуг экс хаан, хатан, гүнж гурвын зэрэгцэж суугааг харуулсан зургийг нийтэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press