Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстан улс сурталчилгаандаа Боратын хэлэх дуртай үгийг ашиглажээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

2006 онд Казахстанаас АНУ-д баримтат кино бүтээхээр ирсэн сэтгүүлч Борат Сагдиевын тухай инээдмийн уран сайхны кино дэлгэцэнд гарч байв.

Улс орныг нь элэглэж, шоолсон уг киног казахууд таатай хүлээж аваагүй юм. Дараа нь Казахстаны засгийн газар АНУ-ын сонин хэвлэлүүдэд улсынхаа тухай эерэг агуулгатай сурталчилгаа гаргаж, ирээдүйтэй, хөгжиж дэвшиж буй, орчин үеийн улс болохоо харуулж байжээ.

Тухайн үед Их Британид айлчилсан Нурсултан Назарбаеваас сэтгүүлч Боратын тухай сэтгэгдлийг нь асуухад “Энэ асуултыг тавьсны дараа танд Казахстанд өөрийн биеэр очиж үзэх, илүү ихийг мэдэх сонирхол төрөх байх” гэж хариулсан юм.

Тэгвэл энэ удаа казахууд Боратыг жигших биш, харин түүнийг ашиглан улс орноо сурталчилж эхэлсэн байна.

Ням гарагт Казахстаны аялал жуулчлалын газар Боратын хэлэх дуртай үгийг ашигласан видео сурталчилгааг нийтэд үзүүлжээ. Уг сурталчилгаанд Казахстаны үзэсгэлэнт байгаль, соёл, ахуй амьдрал, хүн ардыг үзүүлэх бүртээ “Very Nice!” гэсэн хэллэгийг ашигласан байна.

Цар тахлын улмаас гадаадад аялах боломжгүй байгаа хүмүүст цаашдаа Казахстанд очих хүсэл сонирхол төрүүлэхийн тулд дэлхий дахинд танил болсон үг хэллэгийг ашиглах санаа төрснөө Казах Туризм байгууллагын дэд захирал Кайрат Садвакассов тайлбарлажээ.

Үүний үр дүнд цар тахал дарагдсаны дараа буюу 2021 оноос хойш Казахстаныг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.

Жүжигчин Саша Барон Коэны гол дүрд нь тоглосон Боратын тухай хоёр дахь кино энэ онд бүтээгдэж, саяхан Амазон компанийн Amazon Prime стриминг платформоор цацагдаж эхэлсэн юм.

2020 онд бүтээгдсэн “Borat Subsequent Moviefilm” киноны трэйлэр:

 

Эх сурвалж: The Guardian