Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын тусгай хамгаалалттай бүсийн 16 сум түргэн тусламжийн машинтай боллоо

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчны салбарт сүүлийн 20 жилийн хугацаанд техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Үүний нэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы сэргээн босголт, зээлийн банк (KFW)-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл юм.

Өнөөдөр төслийн хүрээнд монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн Дорнод Монгол, Улаан тайга, Хан Хэнтий, Отгонтэнгэр, Зэд-Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газар, Онон Балж, Горхи-Тэрэлж, Орхоны Хөндий, Тарвагатайн нуруу, Хангайн нуруу, Хустайн нурууны байгалийн цогцолбор газрууд зэрэг дэд төсөл хэрэгжиж байгаа 11 хамгаалалтын захиргаадын Орчны бүсийн 16 сумд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн 16 автомашиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр тухайн сумын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Монгол Улсын хэмжээнд 34 улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 21 сав газрын захиргаад байдаг

Гэрэл зургийг mpa.mn

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Монгол Улсын хэмжээнд 34 улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 21 сав газрын захиргаад байдаг. Эдгээр газруудын байгаль хамгаалагчид 24 цагийн турш гадаад орчинд ажиллаж байгаль дэлхийгээ унаган чигээр нь авч үлдэхээр хөдөлмөрлөдөг. Үүнээс гадна нутгийн ард иргэд ч байгаль дэлхийгээ хамгаалах, онгон дагшинаар нь үр хойчдоо өвлүүлэх үйлсэд гар бие оролцдог.

Тэд маань харьцангуй алслагдсан газар нутагт ажиллаж амьдардаг учраас эмнэлгийн тусламж, үйлчилгээг ойртуулах шаардлатай үргэлж тулгардаг. Тиймээс өнөөдөр хангай, төв, зүүн бүсийн тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг 16 сумын эрүүл мэндийн төв иж бүрэн тоноглогдсон цоо шинэ автомашинуудыг гардуулж  байна.

Цаашид бид тусгай хамгаалалттай газар нутгийн ард иргэдрүү чиглэсэн олон үйл ажиллагаануудыг явуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүний чиглэлд сургалт зохион байгуулах, түүгээр дамжуулан орлогыг нь нэмэгдүүлэх зэрэг цогц арга хэмжээнүүдийг авах юм.”

Түргэн тусламжийн авто машинуудыг 16 сумд хүлээлгэн өгч байна

Гэрэл зургийг mpa.mn

ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Михиал Сумсир “ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар санхүүжүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн чадавхыг сайжруулах, хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг хийх, нутгийн иргэдийн амьдралыг сайжруулахад чиглэгдсэн төсөл юм.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийг дам утгаар нь хамгаалдаг нутгийн иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулахад чиглэсэн ажлын хүрээнд өнөөдөр эдгээр түргэн тусламжийн авто машинуудыг 16 суманд хүлээлгэн өгч байна” гэв.