Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Говиос ирэх шар шороон шуурга коронавирус халдааж болзошгүйг Умард Солонгос өөрийн иргэдэд анхааруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Жил бүр Монгол, Хятадын нутаг дэвсгэрт оршдог говиос дэгдсэн шар шороон шуурга Солонгосын хойгт хүрдэг. Тэгвэл Умард Солонгосын эрх баригч намын төв хэвлэл Родон Шинмун сонин өнгөрсөн Пүрэв гарагт иргэдэдээ хандаж нэгэн анхааруулга нийтэлжээ.

“Шинэ коронавирусийн халдвар дэлхий дахинд тархаж буй энэ үед шар шороон шуурганаас өөрийгөө хамгаалах нь улам бүр чухал болж байна” гэж тус сонин анхааруулаад шуурганы үеэр иргэдэд гэртээ байж, амны хаалт зүүхийг зөвлөсөн байна. Шуурганы үеэр төрөл бүрийн хортой бодисоос гадна элдэв нян бактер зөөвөрлөгдөн ирж магадгүйг анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл шар шороон шуурга коронавирусийг зөөвөрлөн халдааж болзошгүй гэж тайлбарласан байна.

Гэхдээ Умард Солонгосын төв хэвлэлийн энэ анхааруулга үнэмшил муутай сонсогдож байгаа юм.

Шар шороон шуургыг үүсгэгч говь нь Умард Солонгосоос 1,900 км зайтай оршдог.

Коронавирус агаар дуслын замаар хүнд халдварладаг ч хоёр метрээс дээш зайнд хүнээс хүнд халдахгүй гэж мэргэжилтнүүд үздэг.

Умард Солонгосын дэглэм өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын ганц ч тохиолдол илрээгүйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад мэдээлж байгаа. Тус улсын гадаад хэргийн яам гадаадаас ирж буй бүх зорчигчдыг шар шороон шуурга намдтал гадагш гаргалгүй, дотор орчинд тусгаарлаж байгааг ОХУ-ын Пёньян дахь элчин сайдын яам өөрийн фэйсбүүк хуудсанд саяхан мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters