Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Арван хэдэн жил Монголд огт цалин авахгүйгээр амьдарсан гадаадын иргэдийг илрүүлсэн

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:08 2020/10/23

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

09:30 2020/10/23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Гадаадын иргэдийн эрхзүйн байдлын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=1279067125825318

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монголд байгаа гадаадын иргэдийг бүрэн хянаж чадаж байна уу. Энэ нөхдүүд чинь дураараа аашлах юм байна шүү дээ. Улаанбаатар хотод гэхэд л хэд хэдэн china town байх шиг байна. Монголчуудыг оруулдаггүй. Монгол Улсын хууль үйлчилдэг юм уу үгүй юу гэмээр газрууд байна. Тэнд л жинхэнэ хар тамхи, хүн худалдаалах наймаа, хамаг л болж бүтэхгүй юмнууд байна.  

100 айл, барилгын захын хавьцаа ер нь монгол хүн амьдарч байна уу. Монголд гадны иргэд үл хөдлөхийн бизнес хийдэг болчихоод байна. Бүтэн байраар нь худалдаад авчихсан. Монголчуудад түрээслэж байна. Банканд байгаа томоохон хадгаламжуудыг монгол хүний нэрээр гадны иргэд эзэмшиж байна. 

Мэдээж Монгол Улс үүд хаалга нээх ёстой. Гэтэл хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гадны иргэдэд тавих хяналт гэж байна уу. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Хугацаа дууссан хүмүүсийн бүртгэлийн тухайд Хил хамгаалах ерөнхий гакар, Гадаадын иргэн харьяатын газар хоёрын дундын мэдээлэл солилцдог программ байгаа. Энэ дээр нэг бүрчллэн гар ажиллагаа хийж байж хүмүүсийн хугацаа хэтрэлтийн бүртгэлийг хийдэг. Сая бид энэ ажлыг зохион байгуулсан. Маш олон гадаадын иргэн хугацаа хэтэрсэн визтэй байсан. Тэдгээр иргэдийг албадан гаргахаар тодорхой хязгаарлалтад байлгаж байгаа. 

Шалгалтаар их сонин зүйлүүд илэрсэн. Арван хэдэн жил Монголд амьдарчихсан. Огт цалин авдаггүй, Байгууллагын жижүүр, манаач хийж байсан хүмүүсийг илрүүлсэн. Энэ хүмүүсийг албадан гаргах гэж байгаа. 

Дээр нь манай Гадаадын иргэн харьяатын газарт бас их учир байна. Тэндээс зарим вьетнам иргэнд хөрөнгө оруулагчийн виз олгосон байсан. Гаднаас нь харахад ямар ч хөрөнгө оруулагч байхаар биш хүмүүст. Албаны шалгалт явуулаад улсад учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээ авахуулахаар АТГ-т шилжүүлэх гэж байна. 

Энэ хууль батлагдсанаар гадаад иргэдийг татах өрсөлдөх чадварын индексийг урагшлуулахад дөхөм болох юм.  

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар гадаадын иргэд Монголд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй. Гададаын иргэдийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг бүртгэлийн байгууллага хариуцдаг. 

Шаардлагатай бол Л.Энх-Амгалан гишүүнд гадаадын хэдэн иргэн ямар үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг талаарх мэдээллийг албан бичгээр хүргүүлж болно. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: БНХАУ-ын 800 иргэнтэй холбоотой хэрэг өнгөрсөн жил гарсан. Энэ асуудал юу болсон бэ. Тэдгээр иргэд маш олон тооны гар утас, компьютер ашиглаж байсан гэдэг мэдээл байсан. Тэр олон гар утас,  компьютерыг ашиглаж байхад яагаад мэдээгүй юм бэ. 

Ажлын хэсэг: Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн шатанд явж байна. Уг асуудал хуулийн төслийг шинэчлэн найруулах шаардлагатай уялдаж байна. Гадаадын иргэдэд хяналт тавих нэгдсэн систем байхгүйтэй холбоотой. 30-аас дээш хоног оршин суух иргэдийн мэдээллийг бүртгэдэг. Хуулийн төсөлд гааль дээр биеийн давхцалгүй өгөгдлийг бүртгэж, хяналт тавих талаар хуулийн төсөлд тусгасан. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Өнгөрсөн онд 800 иргэнтэй холбоотой асуудлаар шалгалт хийж 45 дипломат төлөөлөгчийн газраас 245 мянган хүнд Монгол Улсын виз олгосон судалгаа гаргасан.

Тухайн 800 иргэн хоёр сарын туршид дамнаж орж ирсэн байсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад виз олголт огцом өссөн зүйл ажиглагдаагүй. Тухайн 800 иргэн нэг дор виз аваагүй байсан бөгөөд Хөх хот, Эрээн дэх консулын газраас визийг олгосон байсан. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авснаар санал хураалт явуулж Гадаадын иргэдийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

 

12:08 2020/10/23

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.