Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньд $1.8 тэрбумын зэвсэг нийлүүлэх гэрээг АНУ-ын засгийн газар баталжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн армийнхаа удирдлагуудын хамт

Тайваньд $1.8 тэрбумын үнэ бүхий зэвсэг нийлүүлэх гэрээг АНУ-ын засгийн газар өчигдөр баталжээ.

Уг шийдвэр сүүлийн жилүүдэд хурцдаад байгаа Хятад-Америкийн зөрчлийг улам гүнзгийрүүлэх нь тодорхой байна.

1940-өөд оны иргэний дайны дараа тусгаар тогнолоо зарласан Тайвань арлыг Бээжингийн эрх баригчид өөрийн газар нутгийн салшгүй хэсэг хэмээн үзэж, нэгтгэх санааг байнга илэрхийлдэг.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О Брайан хэвлэлд ярихдаа Хятад улс Тайванийг эзлэн түрэмгийлнэ гэдэгт итгэхгүй байгаа ч арлын засгийн газар батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлж, ирээдүйгээ бататгах ёстой гэжээ.

Пентагоны албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ удаа АНУ-аас Тайваньд 135 ширхэг өндөр нарийвчлалтай жолоодлого бүхий далавчит пуужин, хөдөлгөөнт пуужин харвагч, нисэх онгоцны эх биед суурилуулдаг тагнуулын мэдрэгч төхөөрөмжүүдийг нийлүүлэхээр болсон байна.

Зэвсэг нийлүүлэх уг гэрээ АНУ-тай харилцах харилцаанд нь томоохон саад учруулах магадлалтайг Хятадын гадаад хэргийн яам анхааруулаад шаардлагатай хариу арга хэмжээг авахаа илэрхийлжээ.

Сүүлийн саруудад Трампын засаг захиргаа Тайваньтай харилцах харилцаагаа эрчимжүүлж байгаа. Наймдугаар сард АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан Тайваньд айлчилж, ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй уулзсан нь сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй чухал үйл явдал болсон юм.

 

Эх сурвалж: BBC