Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГ УДАА хандив өргөснөөр хорт хавдартайгаа тэмцэж буй ТАВАН ХҮҮХДЭД туслах аяныг эхлүүллээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хорт хавдар туссан таван хүүхдийн гэр бүл хамтран "Нэг тус-Таван амь" хандивын аяныг өрнүүлж эхэлснээ өнөөдөр мэдэгдлээ.

Хаан банкны 5058599703 дансанд хандив өргөснөөр таван хүүхдийн амь насыг аварч, ирээдүйд эмч, эдийн засагч, уул уурхайн инженер болоход нь та туслах юм хэмээн хандивын аяныг зохион байгуулагчдын төлөөлөл хэллээ. 

"Эх орон минь үр хүүхдээ хамгаалаач. Ээж, аав шиг нь чин сэтгэлээсээ хайрлаач"

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Хавдартай хүүхэд маш олон байна. Та бүхэн олон нийтийн сүлжээнд хавдар туссан хүүхдийн зургийн хамт эмчилгээний зардалд хандив өргөхийг хүссэн постууд их харж байгаа байх. Бид өнөөдөр хамтран мэдээлэл хийж буй ч үүний ард хэдэн зуун гэр бүл бий. 

Тиймээс тэдний төлөөлөл болж таван гэр бүл хүүхдүүдийнхээ эмчилгээнд хандив өргөхийг хүсэж, төр засгаас харж үзээсэй гэсэндээ хэвлэл мэдээлэлд хандаж байна" гэлээ. 

Хорт хавдартайгаа тэмцэж буй хүүхдүүд:

  • Зургаан настай М.Сондор цусны улаан эсийн төлжилтгүй хэмээх оноштой
  • 14 настай Ч.Ганзориг ясны хорт хавдартай
  • Хоёр настай С.Төгөлдөрсайхан цусны улаан эсийн хорт хавдартай
  • Хоёр настай Г.Гүн-Итгэл цусны цагаан хорт хавдартай
  • Хоёр настай Б.Дүүрэнбаяр мэдрэлийн эсийн гаралтай хорт хавдартай.

Мөн тэрбээр "Таван хүүхдээ эдгээж, хүнд хэцүү цаг үеийг даван туулахад минь туслахыг та бүхнээсээ хүсэж байна.

Төрөөс хүүхдүүдийнхээ төлөө жаахан ч гэсэн анхаарахыг хүсэж байна. Нэг хүүхэд өвдөхөд тэр айлын амьдрал бараг зогсдог. Хүүхдээ эдгээхийн төлөө асарч, ажил ч хийж чаддаггүй. Энэ бидний туулах ёстой, даваад гарах ёстой зам гэж бодон, эмч нартайгаа хамтдаа тэмцэж байгаа.

Иймд Монголын ирээдүй болсон үрсийнхээ төлөө анхаарахыг хүсэж байна. Хавдартай хүүхдүүдэд группийн мөнгө л олгодог. Гэтэл эм тарианд их хэмжээний зардал шаарддаг. Төр засаг анхаарахгүй байгаа тул ард түмэн минь туслаач гэж гуйж байна. Эх орон минь үр хүүхдээ хамгаалаач. Ээж, аав шиг нь чин сэтгэлээсээ хайрлаач" гэлээ. 

"Шидэт хуудас бол миний охинд зургаан сарын нас бэлэглэсэн ид шидтэй"

 
Гэрэл зургийг mpa.mn

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байгаад хорвоог орхисон талийгаач Б.Мөнхтуяагийн ээж н.Амарбаясгалан энэхүү аяныг хамтран зохион байгуулж байгаа юм.

Тэрбээр "Хорт хавдрыг эмчлүүлэхийн төлөө нэг нэгээрээ явахаар хүч тарамддаг тул хамтдаа хандивын аян өрнүүлж байна. Мөн гэр бүлүүд хамтраад ямар боломжууд байдаг тухай, эм тариаг хаанаас авч болох гэх мэтээр туршлагаа солилцож байгаа.

Охин маань 2015 онд хорт хавдар тусаж байсан. Үүнээс хойш таван жил манай гэр бүл энэ өвчинтэй тэмцсэн. Гэвч охиноо аварч чадаагүй. Таван жил хорт хавдартай тэмцсэн айлд юу ч үлддэггүй.

Хорт хавдартай хүний амьдрал зоосны нүхэн дээр л тогтдог. Мөнгөтэй бол л амьд үлддэг. 

Тиймээс охиныхоо бүтээсэн "Шидэт хуудас ном"-ыг борлуулж, энэ таван гэр бүлд туслахыг хүссэн. "Шидэт хуудас" ном бол миний охинд зургаан сарын нас бэлэглэсэн ид шидтэй ном юм" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр хорт хавдрыг Монголдоо эмчилдэг болохын төлөө төр засгаас анхаарч, тоног төхөөрөмжийг сайжруулах, гаднын туршлагатай эмч нарыг багаар урьж, монгол эмч нарын чадварыг сайжруулахыг чухалчлахыг хүссэн юм.