Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ханиах нь зогсохгүй байгаа тул АНУ-ын тэргүүн хатагтай нөхрийнхөө сонгуулийн арга хэмжээнд оролцохгүй болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн үйл ажиллагаанд оролцох байсан тэргүүн хатагтай Меланиа ханиад нь эдгэрэхгүй байгаагаас шалтгаалан төлөвлөгөөгөө цуцалжээ.

Дональд Трамп саяхан гэргий, отгон хүүгийнхээ хамт коронавирусийн халдвар аваад эмчлүүлсэн юм. Тэргүүн хатагтайн Covid-19 өвчин эдгэрч, бие нь сайжирч буй тул Пеннсильвани мужийн Эри хотод болох нөхрийнхөө сонгуулийн арга хэмжээнд оролцохоо өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв.

Харин Мягмар гарагт түүний хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм сэтгүүлчидтэй уулзахдаа “Covid-19 өвчин нь эдгэрсэн хатагтай Трампын бие өдрөөс өдөрт сайжирч байгаа ч ханиах нь зогсохгүй байгаа тул аюулгүй байдлын үүднээс энэ удаагийн аялалаа цуцалж байна” гэж мэдэгджээ.

Трамп сонгогчидтойгоо уулзахдаа халдвараас урьдчилан сэргийлэх дүрэм журмыг сахидаггүй хэмээн шүүмжлүүлдэг. Тэрбээр энэ тал дээр эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэйгээ байнга зөрчилддөг юм.

Даваа гарагт тэр хэвлэлд ярихдаа Америкийн халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучиг “гамшиг” гэж нэрлээд түүний зөвлөгөө америкчуудыг залхааж байгааг ярьсан байна.

Маргааш нь Трамп телевизийн ярилцлагад орохдоо Фаучигийн нэр хүндэд дахин халджээ. “Тэр бол сайн залуу. Гарын тэнхээ муутай, бэйсболын бөмбөг сайн шидэж чадахгүй ч тэр бол дажгүй залуу шүү. Гэхдээ тэр Ардчилсан Намын гишүүн болохоороо нэг баг болж ажиллахдаа тааруу” гэж Трамп ярьсан юм.

Үнэн хэрэгтээ АНУ-ын зургаан ерөнхийлөгчийн засаг захиргаанд дараалан ажиллаж байгаа Фаучи нь нам бус юм байна.

 

Эх сурвалж: The Guardian