Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Идэвхтэй алхалтын аян”-ы 10 хоногт цахилгаан шат болон машин хэрэглэхгүй явганаар зорчихыг уриаллаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
Жил бүрийн аравдугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг уламжлалтай.

Манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж ирсэн билээ. 

Тэгвэл энэ жил НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Идэвхтэй алхалтын аян” уриан дор идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд сурталчлан зохион байгуулах гэж буйгаа өнөөдөр мэдээллээ. 

Аяны хүрээнд Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг болон Дүүргийн ЗДТГ-уудад хамтран ажиллах албан бичиг хүргүүлж спорт хорооны мэргэжилтнүүдэд ААН байгууллага, албан газар, иргэд, хувь хүмүүсийг идэвхтэй оролцуулах талаар чиглэл өгсөн байна. 

Мөн аяны хүрээнд төрийн албан хаагчид өдөрт 10,000 алхах, алхаж ажилдаа ирж очих, цаашид энэхүү үйлийг хэвшүүлэх, аж ахуй нэгж байгууллагууд хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулж бусдыгаа уриалах ажлууд зохион байгуулагдах аж. Тухайлбал

  • “Идэвхтэй алхалтын аян”-ы 10 хоногт цахилгаан шатаар биш шатаар, машинаар биш явганаар зорчихыг уриалсан сурталчилгааг олон нийтэд болон сошиал орчинд түгээнэ. 
  • Иргэдэд зориулсан алхалттай холбогдолтой эрүүл мэндийн зөвлөгөө, гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалыг Монголын оюутны холбоотой хамтарч гарцаар гарч буй иргэдэд тараана.
  • Түүнчлэн "Дэлхийн алхалтын өдөр"-ийн арга хэмжээг жилд хоёр удаа улс орон даяар тэмдэглэж байх, алхалтын ач тусыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах ажлыг цаашид тогтмол зохион байгуулах юм.

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 77%-ийг эзэлж байна. Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой.

Дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвх муутай байдаг бөгөөд хөдөлгөөний хомсдлын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг байна. Түүнчлэн хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болдог байна.
Иймээс ДЭМБ-аас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10,000 алхахыг зөвлөдөг.

Энэхүү аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулах хэвлэлийн хуралд Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны газрын дарга Г.Одбаатар, Биеийн тамир, спортын улсын хорооны хэлтсийн дарга О.Баасан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Г.Цагаанхүү, Нийслэлийн спортын хорооны хэлтсийн дарга А.Болдмаа, Монголын биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Тунгалаг, “Голден жим” фитнес клубын захирал Ц.Баянмөнх, “Алхъя” аппликейшныг үүсгэн байгуулагч Г.Ганчөдөр нар оролцлоо. 

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо