Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Тамхинаас гарах үйлчилгээг нэмэгдүүлэх нь цар тахлын тархалт, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн COVID-19 халдварын талаарх судалгааны тоймыг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд эрдэм шинжилгээ, судалгааны 109,671 өгүүлэл хэвлэгдээд байна. 

Эмнэл зүйн 3,611 туршилт судалгаа явагдаж байгаагаас 404 нь дууссан бөгөөд вакцин бүтээх  198 туршилт судалгаа хийгдэж байгаа аж. 

Тэрбээр " Олон улсын эрдэмтдийн хийсэн судалгаанаас тоймлон хүргэе. 

Перу улсын судлаачид тус улсын 1,064 иргэнийг хамруулан COVID-19-ээс үүдэлтэй эдийн засгийн судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээс харвал,

  • 57 % нь цар тахлаас болж эдийн засгийн ямар нэгэн хүндрэлтэй тулгарсан
  • 56 % нь хоёр долоо хоног хүрэхгүй хэрэглээний мөнгөтэй
  • 80 % нь нийгмийн халамж хүртэх шаардлагад тэнцээгүй
  • 11% нь аль нэг гэр бүлийн гишүүнд нь халдварын шинж тэмдэг илэрсэн
  • 56 % нь тусгаарлалтын дэглэмийн улмаас стресст орсон хэмээн хариулжээ.

Энэтхэг улсын эрдэмтэд тус улсынхаа 12 муж улсад хийсэн судалгаа хийхэд хөдөө орон нутгийн гэр бүлийн 50% нь COVID-19-ийн өмнөх үетэй харьцуулбал тогтмол хэрэглэдэг хүнснийхээ хэмжээг багасгасан ба 68% нь хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийхээ төрлийг багасгасан гэжээ. 

АНУ-ын эрдэмтэд 50 мужийн 2,195 шүдний эмч нарын дунд судалгаа явуулахад 

  • 6,4% нь COVID-19 халдвар авч эмчлүүлсэн
  • 9% нь сэтгэл гутралд орсон
  • 20%-д сэтгэл түгших шинж тэмдэг илэрсэн гэж хариулсан байна. 

Тус судалгаанд оролцогчдын 98% нь ажлын байрандаа ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийсэн бөгөөд 73% нь нэмэлт хамгаалах хэрэгсэл хэрэглэдэг болсон гэж хариулжээ. Иймээс судалгааны баг тогтмол ариутгал хийж, хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх нь шүдний эмч нарыг COVID-19-ийн халдвараас хангалттай хамгаална гэж дүгнэсэн. 

Түүнчлэн АНУ-ын эрдэмтэд 175 улс орны COVID-19-ийн тархалтыг судлахад өндөр настнуудын эзлэх хувь их байх тусам иргэдийн зүгээс гарч буй эмчилгээний зардал өндөр байна.

Мөн тухайн орны тамхи татдаг иргэд өндөр байх тусам COVID-19 цар тахлын түвшин өндөр байгааг тогтоожээ. Иймд тамхинаас гарах үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх нь цар тахлын тархалт болон нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж судалгааны багийнхан үзжээ" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1525750797597032/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.