Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Парисын террорист хохирогчийн тасдсан толгойны зургийг Твиттер сүлжээнд нийтэлж байжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн орой Парисын захын дүүрэгт дунд сургуулийн багшийн амийг зэрлэгээр хөнөөсөн этгээд аллага үйлдсэнээсээ хойш хэдхэн минутын дараа твиттер хуудсанд хохирогчийн тасарсан толгойны зургийг нийтэлж байсныг Францын мөрдөн байцаагчид тогтоожээ.

“Abdoulakh А” нэртэй твиттер хаягаар уг зургийг нийтлээд “Мухаммедыг доромжилж зүрхэлсэн нохойнуудын нэгийг би цаазаллаа” гэсэн тайлбар бичсэн байна.

Халдлага үйлдэгч тухайн өдөр сургууль дээр очиж, хүүхдүүдээс багшийнх нь талаар асууж байсан гэнэ.

Сэжигтэн нь Москвад төрсөн 18 настай чечень үндэстэн байсан бөгөөд гуравдугаар сард Францад дүрвэж ирснийхээ дараа 10 жил оршин суух эрх аваад байжээ.

Хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа тул түүний нэрийг зарлах боломжгүйг Францын терроризмтай тэмцэх газрын прокурор Жан Франсуа Рикард мэдэгдсэн байна.

Одоогоор сэжигтний эцэг эх, өвөг эцэг, 17 настай дүү зэрэг нийт есөн хүнийг баривчлаад байгаа гэнэ. Сэжигтний эцэг нэгтэй эгч 2014 онд Исламын Улс зэвсэгт бүлэглэлд элсэхээр Сири руу явж байсныг бас тогтоосон байна.

Энэ халдлагын хохирогч болсон 47 настай Самуэл Пати нь түүх, газарзүйн багш байсан бөгөөд хүүхдүүдэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар хичээл заахдаа Шарли Эбдо сэтгүүлд нийтлэгдсэн исламын шашны зөнч Мухаммедын шог зургийг үзүүлж байжээ.

Самуэл Патигийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаа ирэх Лхагва гарагт Франц даяар зохион байгуулагдахаар болсон байна.

2015 онд Шарли Эбдо сэтгүүлийн газар зөнч Мухаммедын шог зургийг нийтэлснийхээ дараа халдлагад өртөж, 12 хүн амь үрэгдэж байв. Одоо энэхүү террорист халдлагын шүүх хурал Францад болж байгаа юм. Өнгөрсөн сард Пакистанаас цагаачилж ирсэн нэг залуу заазуураар зэвсэглэн Шарли Эбдо сэтгүүлийн редакцийн байрны гадна хоёр хүний биед халдаад баривчлагдаж байжээ.

Тус сэтгүүл 2015 онд хэвлэж байсан шог зургаа саяхан дахин нийтэлсэн юм. Исламын шашинд зөнч Мухаммедыг ямар нэг хэлбэрээр дүрслэхийг хориглодог нь түүнийг бурханчлан шүтэх явдлаас сэргийлэх зорилготой гэнэ.

Өчигдөр бас ОХУ-ын Чечений Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров дээрх аллагатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр хувийн блог хуудсандаа “Террорист халдлага гарсанд харамсаж, хохирогчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна. Терроризмийг буруутгахын хажуугаар би бусдын итгэл үнэмшил, сүсэг бишрэлд хүндэтгэлтэй хандахыг бас уриалж байна” гэж бичсэн байна.

“Хэрвээ Франц улс олон үндэстний, олон шашинтны улс мөн юм бол харилцан нэгнээ хүндэтгэдэг эрүүл нийгэмтэй байх ёстой” гэж тэр бичжээ.

Кадыровын мэдээлснээр сэжигтэн хоёр настай байхдаа ганцхан удаа Чеченьд ирж байсан гэнэ.

Эммануэл Макроны засгийн газар одоо Францын нийгмийн үнэт зүйлсээс тусдаа нийгэм байгуулах гэсэн исламын радикал үзэлтэй тэмцэх хуулийн төсөл боловсруулж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press