Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Чинбат: Мөнгө, эд зүйл тараасан үйлдлүүдийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох ажиллагаа явуулж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цагдаагийн ерөнхий газрын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат сонгуулийн үеэр гарсан зөрчил, гомдлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд ажиллаж байна. 
Цагдаагийн байгууллага хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой байж болзошгүй нийт 369 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж байгаа. 

Эрүүгийн хуулийн 14.5, 14.8-д заасан гэмт хэргийн шинжтэй 23 гомдол мэдээллийг шалгаж, харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлсэн. Мөн Эрүүгийн хуулийн 14.5, 14.8, 23.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээллийг шалгаж байна. 
Зөрчлийн тухай хуулийн 17.1-д заасан зөрчлийн талаарх 331 гомдол мэдээллийг хүлээн авч долоон  зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. Гурван гомдол мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллага, ШӨТХГ-т шилжүүлсэн. 
Одоо зөрчлийн шинжтэй 169 гомдол мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэлээ. 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амиа алдсан нэр дэвшигч аль намаас сонгуульд оролцож байсан бэ?

-Өмнөговь аймагт харамсалтай явдал гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны нууцлалтай холбоотой асуудлыг ярих боломжгүй байна.
Тухайн хүнийг бие даагч байсан гэдэг мэдээлэл байгаа. Шалгалтаар уг хэрэг санамсар болгоомжгүйгээс болсон уу санаатай үйлдэл үү гэдгийг тогтооно. 

-Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд мөнгө тараасан гэдэг асуудал юу болсон бол. Мөнгө тарааж, сонгогчдын санал худалдаж авахыг оролдсон хэдэн үйлдэл бүртгэгдсэн бэ? 

-Эрүүгийн хуулийн 14.5, 14.8-д заасан үйлдлийг тагнуулын байгууллага шалгах ёстой. Гэхдээ цагдаагийн байгууллага харьяалал харгалзахгүйгээр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээж авч шалгаж байгаа. Эдгээрээс 23 гомдол мэдээллийг тагнуулын байгууллагад шилжүүлсэн. 

Булган, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь, Увс, Сүхбаатар аймгууд, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд мөнгө, эд зүйл тараасан үйлдлүүдийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох ажиллагаа явагдаж байгаа.