Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

"300 гаруй сая төгрөгийн цалинг тусгаарлах байранд ажилласан 498 резидент эмчид долоон удаа олгосон"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа оролцож мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн хөгжлийн төв өнгөрсөн хугацаанд 45 тусгаарлах байранд 223 удаа давхардсан тоогоор 25,000 гаруй иргэнийг тусгаарлан ажиглан эрүүл мэндийн тусламж үзүүлэх ажилд дэмжлэг үзүүлжээ.

 "Өнөөдрийн байдлаар 25 тусгаарлах байранд 78 резидент эмч ажиллаж байна"

Б.Нарантуяа хэлэхдээ “Дээрх үйл ажиллагаанд давхардсан тоогоор 709 резидент эмч дайчлагдан ажиллаж байна. Тэдгээр эмч нараас хоёр удаа ажилласан 46, гурван удаа ажилласан дөрвөн эмч байгаа бол гэр бүлээрээ тусгаарлагдан ажилласан дөрвөн хос байгаа юм.

Яг өнөөдрийн байдлаар 25 тусгаарлах байранд 78 резидент эмч ажиллаж байна.

Чартер нислэгээр эх орондоо эхэнд ирсэн иргэдийн дийлэнх нь суурь өвчтэй, биеийн байдал нь хүндэвтэр, эрхтэн шилжүүлэн суулгасан, мэс заслын дараах байдалтай зэрэг байсан бол сүүлийн нислэгүүдээр харьцангуй биеийн байдал хөнгөвтөр иргэдийн биеийн байдлыг хамгаалах халдвараас сэргийлэх ажлыг хийж байна.

Иргэдийн биеийн байдал хөнгөвтөр байгаа ч нийт нислэгийн тоо их байгаа учраас үйлчлүүлж байгаа иргэдийн тоо ч өндөр байна.

Резидент эмч нар дотоодод халдвар тархахаас сэргийлж буудалд тусгаарлагдаж байгаа иргэдэд хоол зөөх, халууныг нь хэмжих зэрэг тусламж үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар тэдгээр эмч нар нийт 43 нэр төрлийн 400,000 ширхэг, 500 сая гаруй төгрөгийн нэг удаагийн хамгаалах хэрэгслийг аван ажиллаж байна.

Мөн 300 гаруй сая төгрөгийн цалинг 498 резидент эмчид долоон удаа олгосон” гэв.

"Энэ сардаа багтаан 21 аймгийг цаг товлох үйлчилгээнд холбоно"

Мөн тэрбээр “1800-0119 дуудлагын төвд тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэжлийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байсан дадлага туршлагатай 30 цахим бүртгэгч ажиллаж байна.

Тус дуудлагын төвөөр дамжуулж аль эмнэлэгт, ямар кабинетад хэзээ боломжит цаг байгааг харуулах боломжтой бөгөөд тухайн иргэний хүсэлтээр өмнө нь авсан үзлэгийг цагийг цуцлах, шилжүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Тэд ажлын өдрүүдэд 07:00-21:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус төвд 42,000 гаруй иргэн ханджээ.

Тус дуудлагын төвөөр үйлчлүүлсэн 39,879 дуудлагын 72 хувь нь тусгай мэргэжлийн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн үзлэгийн цаг товлох захиалгын үйлчилгээ авсан байна.

Үзлэгийн цаг захиалгын үйлчилгээнээс гадна утсаар холбогдсон тохиолдлын 3,547 буюу 10.4 хувь нь улирлын томуугийн дархлаажуулалт зэрэгтэй холбоотой мэдээлэл авахаар холбогджээ.

Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран энэ сардаа багтан 21 аймгийг цаг товлох үйлчилгээнд холбохоор холболт хийсэн нь 99 хувьтай байна.

Энэ сард багтан туршилтын цаг товлох үйлчилгээнд хөдөө орон нутгийг хамруулах бэлтгэл хийгдэж байгаа бөгөөд арваннэгдүгээр сараас энэ үйл ажиллагаа улсын хэмжээнд жигдэрнэ” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/685598888746578

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.