Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгай үүргийн онгоцоор болон хилийн боомтоор нийт 24,553 иргэн эх орондоо иржээ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр оролцож, мэдээлэл өглөө.

"Нийт татан авалтын 56% нь санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй иргэд байсан" 

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийт 81 улс руу 90 удаагийн тусгай үүргийн нислэг үйлджээ. Дээрх нислэгүүдээр 18,009 иргэн эх орондоо ирсэн бол газраар буюу хилийн боомтуудаар 6,544 иргэнийг татан авсан. Ингээд нийтдээ 24,553 иргэн эх орондоо иржээ.

Тусгай нислэгүүдэд судалгаа хийхэд:

  • БНСУ-руу 23 удаа
  • ХБНГУ 10 удаа
  • Япон улс руу 9 удаа
  • АНУ-руу 6 удаа
  • Турк улс руу 4 удаа
  • Австрали улс руу 5 удаа
  • ОХУ-руу 6 удаа
  • Энэтхэг улс руу 3 удаа
  • Казахстан улс руу 4 удаа
  • Их Британи улс руу 2 удаа
  • Катар улс руу 2 удаа
  • Филиппин улс руу нэг удаа
  • БНХАУ-руу 2 удаа
  • Лаос руу 1 удаа
  • Өмнөд Судан улс руу 2 удаа тус тус нислэг үйлджээ.

Түүнээс гадна БНСУ-руу транзит нислэгийг зургаан удаа үйлдсэн бол Турк улс руу нэг удаа, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болон Хонг Конг руу гурван удаагийн нислэг үйлджээ.

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд дунд:

  • Бага насны хүүхэдтэй 3,010
  • Эрүүл мэндийн шалтгаантай 1,929
  • Хөгжлийн бэрхшээлтэй 348
  • Өндөр настай 1,486
  • Жирэмсэн эмэгтэй 623
  • Саатуулагдсан буюу тухайн улс оронд асуудалтай байсан 87 иргэн
  • Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон 427 алба хаагч
  • Санхүүгийн хүндрэл болон хүндэтгэх бусад шалтгаантай 10,099 иргэн ирсэн байна.

Гадаад улс орноос ирсэн иргэдийн 56 хувийг санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй болон бусад хүндэтгэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Аравдугаар сар гарснаас хойш найман удаагийн нислэгийг бид үйлдсэн. Энэ сард 1,560 иргэнээ Монгол Улсад татан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна” гэв.

“Нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлын сургалтыг аймгуудад зохион байгуулж байна”

Үргэлжлүүлэн “Улсын хэмжээнд нийт 63 тусгаарлах байранд 2,662 иргэн байна. Үүнээс Улаанбаатар хотод 2,345 хүн, орон нутагт 317 иргэн тусгаарлагдаж байна.

УОК-ын Шуурхай штабд өнөөдрийн байдлаар 3,318 албан бичиг ирсэн. Тэдгээрийг цаг тухайд нь шийдвэрлэсэн.

Гадаад улс орноос иргэдээ татан авах болон тусгаарлан ажиглах байр, бусад асуудлаар 11,871 өргөдөл гомдлыг хүлээн авсан. Тэдгээрт дүн шинжилгээ хийж 9,895 өргөдөл гомдлыг цахим мэдээлэлд бүртгэсэн.

Энэ тоо зөрж байгаа учир нь зарим нь давхардсан өргөдөл байгаатай холбоотой.

Түүнээс гадна Номхон далайн баруун бүсийн сэргэн тархаж буй халдвар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалтай тэмцэх стратеги гэх маш том бодлогын баримт бичиг бий.

Үүнтэй уялдуулан УОК-ын Шуурхай штаб, Шадар сайдын ажлын алба, ДЭМБХӨСҮТ зэрэг байгууллага хамтраад орон нутагт нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдалтай холбоотой сургалт зохион байгуулж байна.

Бид одоогоор зургаан аймагт сургалтаа зохион байгуулсан. Арванхоёдугаар сарын дунд үе гэхэд бүх аймгуудад сургалтаа зохион байгуулж дуусна.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэх ойлголт нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш.

Энэ бол олон байгууллагын хүчин чармайлт төдийгүй салбар хоорондын зохицуулалтаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалтай тэмцдэг” хэмээн нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/685598888746578

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.