2020/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.43₮
B30
УЛААНБААТАР
-18°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
21:00
S29
-20°
22:00
S29
-20°
23:00
S29
-20°
00:00
S29
-20°
01:00
S29
-20°
02:00
S29
-20°
03:00
S29
-20°
04:00
S29
-20°
05:00
S29
-21°
06:00
S29
-21°
07:00
S29
-21°
08:00
S29
-21°

Х.Тэмүүжин: Эрүүгийн хуульд гүтгэх заалт оруулснаар эрх мэдэлтнүүд иргэний эрх чөлөөг нухчин дарах хэрэгсэл болгож ашигладаг

Б.Номин-Эрдэнэ, Өдрийн сонин
2020 оны 10 сарын 13
Өдрийн сонин
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Эрүүгийн хуулиар эргэн ирсэн заалт бол гүтгэх. Хүний нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалах ёстой юу. Эсвэл өөр хуулиар үүнийг зохицуулж болох уу. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Сүүлийн 30, 40 жилд Ардчилсан улс орнуудад гүтгэх гэдэг үзэгдлийг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгож бичихээс татгалзах процесс явагдаж байна.

Учир нь гэмт хэрэг болгочихоор үүнийг нь төр засаг эсхүл эрх барьж байгаа улс төрийн хүчин, албан тушаалтнууд өөртөө давуу байдал болгож ашиглаад хүний үзэл бодлоо илэрхийлэх, асуудлыг шүүмжлэн хэлэлцэх, бусдад мэдээлэл түгээх гэх мэт хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой иргэний бүлэг эрхийг боомилох, үгүйсгэхэд ашиглаад байна гэдэг шүүмж яриа их гарсан.

Ер нь гүтгэх гэдэг энэ төрлийн үйлдлээр тодорхой бүлэг гэмт хэргийг задлан нарийвчлан авч үзэхгүй халхавчлан Эрүүгийн хуульд ерөнхийлөн бичихээр нөгөө талдаа олон ургалч үзэл, төр засагт тавих иргэний хяналт, олон нийтийн эрүүл үндэслэлтэй хэлэлцүүлэг зэрэг ардчиллын үндсэн зарчимд өөрт нь сөрөг гэж үзээд улс орнууд ээлж дараатайгаар татгалзаад байгаа юм.

Гүтгэх, доромжлох гэх хоёр төрлийн гэмт хэрэг социализмаас манайд уламжлан ирсэн. Ард иргэдийн хувьд гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэг гэж үзүүлж байсны учир шалтгаан нь нам засгийг муулж болохгүй, удирдагчийн бодлогоос өөр зүйл ярьж болохгүй, дарга нараа өргөмжилж, бахдаж байх ёстой. Тийм учраас зөвшөөрөгдсөн үнэнийг ярих учиртай, хамаагүй цуурах, зөвшөөрөгдөөгүй изм ярих нь гүтгэлэг гэсэн үзэл суртлын маягтай, хаалттай тогтолцоогоо хамгаалах арга байсан.

Тэр нь инерцээрээ бидний дунд одоо ч яваа, хуучны эрдэмтдийн толгойд Эрүүгийн хуульд л байх ёстой гэсэн хандлага хатуу байгаа.

2000-аад оны дундаас Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, сэтгүүл зүй болон үзэл бодлоо илэрхийлэх иргэний эрхийн асуудлаар судалгаа хийдэг судлаачид судалгааны үр дүндээ тодорхой зөвлөмжүүдийг бичдэг, хэлдэг болсон. Эрүүгийн хуулиас гүтгэх заалтаа аваач ээ. Иргэний журмаар асуудлыг шийдэж болно оо.

Доромжлох гэдэг чинь бүр утга муутай, бусад улс оронд энэ төрлийн гэмт хэрэг огт алга аа.

Хуульчдын гол жишээ болгон ярьдаг онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулж гүтгэх гэдэг чинь шүүхэд худал мэдээлэх гэдэг өөр гэмт хэргээр зүйлчилдэг юм байна. Шүүхэд худал мэдээлэх гэдэг гэмт хэрэг чинь ганц шүүхэд мэдүүлэг, тайлбар гаргах биш, хууль сануулан асуух хууль сахиулагчийн ажлаас эхэлдэг юм байна. Тэгснээс хэн нэгэн, тэр дундаа эрх мэдэлтэн, албан тушаалтан гомдол гаргаад иргэнээ цээрлүүлдэг зүйл огт байдаггүй гэх саналууд байсан. Ингээд 2015 онд Эрүүгийн хуулиас гүтгэх гэдэг заалтыг хассан.

Эрүүгийн хуулиас гүтгэх заалтыг хасахад тухайн үед УИХ-ын зарим гишүүд биднийг байнга шүүмжилж гүтгэж доромжилж байдаг тэр асуудлыг хуулийн хариуцлагатай болгох ёстой гэх зэрэг хэл ам хийсээр байгаад Зөрчлийн хуульд оруулсан.

Төрийн зүгээс хариуцлага тооцдог байх л юм бол улстөрчид, төрийн албан тушаалтнууд өөрийг нь шүүмжилсэн, хардсан иргэдийг яаж цээрлүүлж, залхааж болдгийг та бүхэн сүүлийн жилүүдэд бүр сайн мэддэг болсон байх. Сая тэгээд буцаагаад гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгоод биччихлээ. Одоо шорон руу ачиж эхлэх биз дээ.

-Худал мэдээлэл тараасан гэдгийг ямар байдлаар хуульд тусгах нь зүйтэй юм бол?

-Худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд шинээр тавигдан гарч ирж байгаа гэмт хэрэг.

Өнөөгийн цахим эринд хүн бүр өөрийн хувийн хэрэгслээр дамжуулан нийтийн сүлжээнд холбогдож ямар ч сэтгүүл зүй, мэргэжлийн ёс зүйн хэмжүүргүйгээр, нотлох баримт, эх сурвалж гэх зэрэг шүүлтүүргүйгээр дуртай мэдээллээ дамжуулж, хүлээн авч, хувийн сэтгэгдлээ бичиж, солилцдог боллоо.

Энэ шинэ нөхцөл байдалтай холбоотойгоор, маш олон үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүдээс улбаалаад зарим талаар олон нийтийг худал хуурмаг мэдээллээр удирдаж залаад, өөрсдөд нь хохиролтой шийдвэр гаргуулаад байна. Үүнээс болж нийгэм хуваагдан талцаж, өөр хоорондоо зөрчилдөн, хүчирхийлэл үзэн ядалтад хүрч байна гэж үзэх, ярих хэсэг бий болсон.

Болгоомжлуулштай энэ үзлийг ардчилсан гэж хэлэхээс илүүтэй хагас дектатур бүхий хаалттай улсууд хамгийн түрүүнд өлгөн авч “худал мэдээлэл тараах” гэдэг шинэ гэмт хэргийг удирдагчийнхаа нэр алдрыг хамгаалах зорилготой хавсруулан Эрүүгийн хуульдаа бичсэн.

маш олон үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүдээс улбаалаад зарим талаар олон нийтийг худал хуурмаг мэдээллээр удирдаж залаад, өөрсдөд нь хохиролтой шийдвэр гаргуулаад байна.

Гэхдээ сүүлийн жилүүдэд ардчилсан улс орнууд Эрүүгийн хуульдаа энэ гэмт хэргийг хэн нэгний нэр алдрыг хамгаалах зорилготой биш, харин нийтийг хамарсан хүчирхийлэл, үзэн ядалтаас хүмүүсийг хамгаалах зорилготойгоор хуульчлах нь нэмэгдэж байгаа. Тэд гол нь худал мэдээлэл тараах гэдэг энэ үйлдэлд хэн нэгний нэр төрд халдаж, гүтгэх тухай үйлдлийг оруулахгүй байна.

Энэ гэмт хэргийг хуульчлахдаа олон нийтийг талцуулж, хиймэл бухимдлыг хөөргөх, үндэс угсаа, шашин, хүйс, бэлгийн чиг хандлага гэх мэтчилэн ямар нэгэн зүйлээр үзэн ядуулж бусдыг хүчирхийлэлд турхирах зорилготойгоор санаатай, зохион байгуулалттай, тодорхой хөрөнгө санхүү гаргаж худал мэдээлэл тараасан бол, эсвэл тараасан худал мэдээлэл нь ийм үр дагаварт хүргэсэн бол үүнийг “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж үзэж байна.

Гэтэл манайд 2017 онд Эрүүгийн хуульд нэмсэн 13.14 дүгээр зүйл'“Худал мэдээлэл тараах” гэсэн гарчигтай болохоос хуучин гүтгэх гэдэг гэмт хэргээ өөр гарчигны дор буцаагаад биччихсэн. Ингээд гүтгэх заалт буцаад Эрүүгийн хууль руу өөр нэрээр ороод ирсэн. Яг худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг хуульчлагдаагүй.

-“Гүтгэх” заалтаар шийтгүүлсэн иргэдийн дийлэнх нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна л даа. Гүтгэх заалтыг Эрүүгийн хуулиар бус өөр хуулиар зохицуулах боломж бий биз дээ?

-Бий бий. Иргэний маргаан байдлаар шийдвэрлэж болно. Сэтгүүлч гэснээс сэтгүүлчдийн нэр барьсан зарим нэг байгууллага, нэр бүхий тодорхой хэвлэлийн эзэд гүтгэлгийг Эрүүгийн хуульд оруулахыг дэмжиж байна гэж хэлж, бичихийг нэг бус удаа харсан.

Улстөрчид, эрх дархтнууд өөрсдийг нь сөрдөг, шүүмжилдэг хүмүүсийн амыг хааж боох атгаг санаагаар ийм хууль санаачлахыг хараад аргагүй дээ, эднээс ийм л юм гарна гэж бодсон.

Харин өөрийнх нь хэвлэлийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчээ гэмт хэрэгтэн болгох хуулийг дэмжээд, нөгөө сэтгүүлчийнхээ ялтай ажлаар орлого олж, олсон мөнгөөр нь үр хүүхдээ тэжээж байгаа хүмүүсийг хараад ямар зэрлэг, хүн чанаргүй амьдрах аргатай хүмүүс вэ дээ гэж бодсон шүү. Энэ асуудал дээр сэтгүүлчдийн дуу хоолой их сул байсан.

Хараад байхад сэтгүүлчдийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сэтгүүлчид биш, хэвлэлийн эзэд нь эзэгнэчихсэн байгаагийн шинж байх даа. Ер нь Эрүүгийн хуульд гэмт хэрэг бичигддэг. Нөгөө талаас гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, мөрдөн шалгахын тулд төрд маш их хэмжээний хүч, тусгай техник хэрэгсэл, арга барил, нөөц байдаг.

Гүтгэж байна гэдэг гэмт хэргийг илрүүлэхийн тулд редакцыг юм уу сэтгүүлчийг тагнаж чагнахаас эхлээд цагдан хорих хүртэл хүч нөлөөгөө үзүүлж болно. Зөрчлийн хуульд байсан бол энэ хүч нөлөө хязгаарлагдана. Иргэний журмаар маргааныг шийддэг болчихвол бүр ч ажиллахгүй. Ялгаа нь ердөө л энэ.

-Гүтгэх заалт иргэний маргаанаар шийдэгдэх нь зөв гэж ойлгож болох уу?

-Тийм. Энэ чинь иргэний маргаан байдлаар шийдэгдээд гэм хор учруулсан бол хохирлоо барагдуулаад явж байх ёстой асуудал болохоос Эрүүгийн хуульд оруулж хэвлэлийн эрх чөлөө боомилоод хэн нэг албан тушаалтан өөрийг нь шүүмжилсэн, эсхүл та авлига аваад байгаа юм биш үү гэж асуулт тавьсан хүнийг хууль шүүхийн байгууллагаар залхаан цээрлүүлдэг хэрэгсэл нь байж болохгүй.

Эрүүгийн хуульд биччихээр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хардах, үндэслэлтэй асуух боломжийг үгүйсгэдэг, шүүмжлэгчийг шүгэл үлээгчийг цээрлүүлэх эрх дархтнуудын зэвсэг болчихоод байна гэх дүгнэлт ганц Монголд биш бусад улс орнуудад гараад байна.

-Хардаж бүү хэл баримтаа гаргаж ирээд ч нэмэргүй болчихсон юм биш үү?

-Баримтаа гаргаж ирээд нэг тоо алдахад л шийтгүүлж байна ш дээ. Сүүлд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Хөвсгөл аймагт гарсан тохиолдлыг хараад цочирдсон.

Шүүх хуулийг илт буруу хэрэглэн шийтгэл оногдуулчихсан байна лээ. Хэн нэгэн албан тушаалтны нэр огт хэлэлгүйгээр шүүмжилсэн шүүмжлэлийг төрийн байгууллагын нэр хүндийг гутаасан юм шиг эзнийг нь олж байгаад хариуцлага хүлээлгэсэн байгаа юм. Эрүүгийн хуульд гүтгэх заалтыг бичихээр иргэний эрхийг хамгаалахаас илүүтэйгээр иргэний эрх чөлөөг нухчин дардаг хэрэгсэл болдог гэдэг тод жишээ.

-Шүүхийн тухай хуулийн төслийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Сүүлийн жилүүдэд Шүүхтэй холбоотой маргаан их гарч байна. Аливаа нэг хэрэг маргаан шударга бусын хонгилоор орж, хүмүүсийг хэлмэгдүүлж байна гэх яриа хаа ч таарах болж. Шүүх бие даасан, шүүгч бүр өөрийн гэсэн толгойтой байж, улс төрөөс хараат бус ажиллахад ямар зохицуулалтыг тусгах ёстой юм бэ?

-Шүүх гэдэг өөрөө байхын тулд байж байгаа зүйл огт биш. Шүүх бол иргэний шударгаар шүүлгэх эрхийг хангах, маргааныг үр ашигтай, ухаалаг шийдэх, шударга ёс, хүний эрх, хууль ёсыг хамгаалахад зориулагдаж байгуулсан институц. Байгуулагдсан зорилгодоо энэ шүүх үйлчилж байгаа эсэх, энэ зорилго руу үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа эсэх асуултад бид Монголын шүүхийг тийм байна гэж бүрэн итгэлтэй хэлж чадахгүй, эргэлзэж байна.

Хамгийн түрүүнд, таны хэлсэнчлэн шударга бусын хонгил гэдэг үг гарч ирээд хэн нэгэн улстөрчийн захиа даалгавраар өрсөлдөгчийг нь намнаж байна, шүүх том улстөрчийн суганд ороод тэдний өширхлөө тайлдаг хэрэгсэл болж хувирлаа гэдэг шүүмж явж байна.

Хоёрдугаарт, улс төрийн нөлөө хамгаалалтад орчихсон шүүгч нар нь хараат бус, бие даасан байдал гэдэг нэрийн дор хувийнхаа ажлыг амжуулаад нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль дээдлэх гэдэг үнэт зүйлүүд хог дээр хаячихсан, “айл гэр болж тоглож байна” гэдэг шиг шүүгч болж тоглоод, зөвхөн өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлээд авлига аваад, хэрэг цавчаад сууж байна гэдэг шүүмж ч өрнөж байна.

Гуравдугаарт, шүүхийн бие даасан, хараат бус байдал алга болчихлоо. Хариуцлагагүй авлигажсан шүүгч нарт хариуцлага тооцох, хонгилын шүүгч нарыг зайлуулах нэрийн дор ҮАБЗ-д эрх мэдэл өгөөд, Монголын хамгийн их хийрхдэг гурван улстөрчийн гарт шүүхийг атгуулчихсан. Нөгөө гурав нь шинэ айдас хүйдсээр өнөөх шударга бусын хонгилоо цутгаад, гагнаад авлаа.

Байгуулагдсан зорилгодоо энэ шүүх үйлчилж байгаа эсэх, энэ зорилго руу үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа эсэх асуултад бид Монголын шүүхийг тийм байна гэж бүрэн итгэлтэй хэлж чадахгүй, эргэлзэж байна.

Дуртай үедээ, дуртай хүнээ нааш цааш хөдөлгөдөг, ажил үүргийг нь тонгочуулдаг, өөрсдийнх нь болон ойр тойрных нь хүмүүсийн холбогдсон асуудлаар айлгаж, барьцаалдаг, түүгээр нь шантаажилж өөрсдийн хүссэн шийдвэрээ шүүхээр гаргуулдаг боллоо. Шүүгчид мэргэжилдээ үнэнч, хууль бариад шударгаар асуудал шийдэх гэхээсээ илүү бүгд айдаст автчихаад “ҮАБЗ-ийн уур амьсгал ямар байна, аянга цахилгаантай бол яанаа ийнээ" гэсэн хүмүүс болоод хувирчихлаа.

Ингэхлээр шүүгчид хэргээ бие даан шийдэж чадахаа болиод, энэ хэрэгт дээд хүмүүс ямар бодолтой байгаа бол гэж дээш харсан, хуулиар биш, дээд даргын бодлоор хэргээ шийдэх гэсэн хэн нэгний гар хөл төдий хүмүүс болж хувирдаг. Үнэндээ бид алдаа гаргасан шүүгчдийг улс төргүйгээр бодит үндэслэлтэйгээр, хуулийн дагуу хариуцлага тооцдог болж чадахгүй бол бие даасан хараат бус, хариуцлагатай ажилладаг шүүхтэй болж чадахгүй.

Тиймээс л өнгөрсөн жил монголчууд бид арга ядаад Үндсэн хуульдаа шүүгчийн сахилгын хороо гэдэг институтыг шинээр бичиж байх вэ дээ. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг үндэслээд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газар болон Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөл өргөн баригдсан байна лээ. Аль, аль хуульд нь авах ч, хаях ч, нухацтай бодох ч юм байна лээ.

-Тухайлбал?

-Засгийн газрын өргөн барьсан хуульд хэд хэдэн ноцтой, аюултай заалтууд харагдсан. Шүүгчдийн зөвлөл гэдэг байгууллага бий болгох гэж байх шиг байна лээ.

Шүүгчдийн зөвлөл нь шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёс гэж бас тодотгосон харагдсан. Энэ өөрөө хууль зүйн тогтолцоонд битгий хэл, энэ салбарын шинжлэх ухаанд, бусад улсын туршлагад байхгүй ойлголт болно. Шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёс гэхээр дараа нь гүйцэтгэх эрх мэдлийн өөрөө удирдах ёс, хууль тогтоох эрх мэдлийн өөрөө удирдах ёс гэж бас үүсэх үү.

Нөгөө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуульд орчихдог “Төрийн нийтийн өмч" гэдэг хэрүүлтэй үг шиг. Төрийн нийтийн өмч гэж байгаа бол дараа нь “төрийн хувийн өмч” гэж гарч ирэх үү. Хууль зүйн шинжлэх ухаанд байхгүй, бусад улсад хэрэглэсэн туршлагагүй шинэ дугуй зохиож хуульд хэрэглэж болохгүй гэж хэлээд байсан.

Зөрсөн, үр дүн нь шаардлагагүй бөөн хэрүүл. Түүн шиг “өөрөө удирдах ёс" гэдэг энэ ойлголт иргэний нийгмийн ойлголт болохоос, улс төрийн нийгэм, тэр дундаа эрх мэдэл хуваарилалтын институт дотор төрийн чиг үүрэг хэрэгжүүлэгчдэд, тэр эрх мэдлийн агуулгатай давхцуулан хэрэглэдэг ойлголт ердөө биш. Наад захын суурь зарчим мэдэхгүй, эсхүл дураараа зохимжгүй, газар нэр томьёо хэрэглэх гэж оролдох нь алдаанд хүргэж завхрал үүсгэнэ.

Уул нь олон улсын жишиг, дэвшилтэт үзэл санаа ямар хандлагатай байна гэхээр шүүгч нарыг эвлэлдэн нэгдэхээс болгоомжилж байна. Шүүгч хүн бүрийн бие даасан байдлын тухай ярьдаг болохоос шүүгч нар эвлэлдэн нэгдэж нэг баг, нэгдмэл сонирхолтой болох тухай ерөөсөө ярьж болохгүй гэж үзэж байна.

Шүүхийн хараат бус байдал, бие даасан байдал гэдэг шүүгч бүрийн хараат бус, бие даасан байдлын тухай яриа болохоос шүүх гэдэг нэртэй хэсэг хүмүүсийн бүлгийн сонирхлыг хамгаалж, хараат бус болгох тухай яриа огт биш.

Явцуу, гажуудсан шүүгч нарын бүлгийн сонирхол үүсгэхгүйн тулд улс орнууд хоёрхон нөхцөлд шүүгч нарыг эвлэлдэн нэгдэхийг зөвшөөрч байна. Нэгдүгээрт, шүүгчийн ёс зүй хариуцлагыг сайжруулах зорилготой мэдлэг, мэдээлэл солилцох, суралцахад нэгдэж болно. Хоёрдугаарт, хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйг хөгжүүлэх, мэргэжлийн боловсролыг дэмжих зорилготойгоор эвлэлдэн нэгдэж болох тухай ярьж байна. Үүнээс өөр зорилготойгоор шүүгч нар эвлэлдэн нэгдэхийг аль болох хязгаарлаж хориглож байна.

Гэтэл Засгийн газрын өргөн барьсан төсөлд энэ бол шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёс гэж өргөмжлөөд дэвшилтэт хандлагаас тэс эсрэг .зүйл хийж байх.

Бас нэг зүйл нь Үндсэн хуульд шүүгчид хариуцлага тооцох, шүүгчийн албан тушаалыг хөндөх эрхийг Үндсэн хуулиар байгуулсан сахилгын хороонд байхаар Үндсэн хуульд нэмэлт оруулсаар атал Шүүхийн Ерөнхий Зөвлөлд Үндсэн хуулиар олгогдоогүй эрх эдлүүлж, мэргэжлийн хороо гэгчээр дамжуулан шүүгчийн халдашгүй байдалд халдах эрх олгохоор заасан байна лээ.

-ШЕЗ-ийн гишүүдийг хэрхэн сонгох нь зүйтэй вэ?

-ШЕЗ-ийн гишүүдийг томилохын тулд шүүгчид хуралдаад өөрсдийн төлөөллийг оруулах тухай ярьж байгаа. Гэхдээ шүүгчид хуралдахдаа анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шатны шүүгчид нь тус тусдаа хэн нэгнээр төлөөлүүлэлгүй өөрсдөө хуралдаад өөрсдийн төлөөллийг сонгох нь илүү зохимжтой.

Тэгэхгүй бол холимог хуурга шиг бүгд холилдоод зарим нэг нь бусдаар төлөөлүүлээд дээд шүүх, давахын шүүхийн шүүгчид нь дарга шүүхийн зан гаргаад өөрсдийн сонирхлын хүнээ бүх шүүгчдийн нэрээр тавьчихаж болохгүй. Шүүхийн дотоод эрх мэдлийн хуваарилалт их чухал. Монгол Улс шүүхийн дотоод эрх мэдлийн хуваарилалтаа буруу хийгээд алдчихсан учраас шүүхийн бүх эрх мэдэл дээд шүүхдээ овоорчихсон. Энэ бол 1992 оны Үндсэн хуулийн хамгийн том алдаа.

Шүүхийн дотоод эрх мэдэл хуваарилалт шүүхийн тухай хуулиараа баталгаажихад их хэцүү. Өргөн барьсан хуулийн төслүүдэд яг эсрэгээрээ харагдана лээ. Дээд шүүх, ерөнхий шүүгч гэдэг хоёр цэг рүү шүүхийн дотоод бүх эрх мэдлийг буцаагаад овоолж эхэлж байна лээ. Тэгэхээр шүүгчид бие дааж хараат бусаар мэргэжлийн ур чадвартайгаар хэрэг маргаанаа шийдвэрлэх тухай биш, дарга шүүгч юу гэж бодож байна түүний дагуу шийддэг тогтолцоо улам бүр албажна, бүр хууль ёсны тогтолцоо болж үлдэнэ гэсэн үг.

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид захиргааны болон улс төрийн эрх мэдлийг нэмэх замаар бүх шүүхийн даргатай болж авна, ингэж ерөөсөө болохгүй.

Дээд шүүхэд овоолоод байгаа эрх мэдлээ эргээд харах хэрэгтэй. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид захиргааны болон улс төрийн эрх мэдлийг нэмэх замаар бүх шүүхийн даргатай болж авна, ингэж ерөөсөө болохгүй. Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага гэсэн Үндсэн хуулийн алдаатай заалтаасаа халиад Дээд шүүхийн Ерөнхий шүүгч бол бүх шүүгчдийн дарга гэдэг юм руу орж байна.

Шүүх бол захиргааны байгууллага биш. Захиргааны байгууллага, гүйцэтгэх эрх мэдэл шиг дээд байгууллагатай байж огт болохгүй.

Харамсалтай нь Монгол Улс Үндсэн хуульдаа ийм утгагүй заалттай. Соц маягийн сэтгэлгээнээсээ давж шүүхээ харж чадаагүйн зовлон. Шүүхийн үндсэн тогтолцоог хуулийн засаглал бүхий ардчилсан улсуудын загвараар бус социалист засаг захиргааны нэгжээрээ биччихсэн. Үүнээсээ болоод шүүхийн дотоод эрх мэдлийн хуваарилалт, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдийн чиг үүрэг, эрх мэдлийн хил хязгаарын талаар ухаалаг үндэслэл Үндсэн хуулийн Цэц дээр ярилцах боломжгүй болсон.

Тиймээс шүүхийн тухай хуулийн дотоод зохион байгуулалтыг хийхдээ бид шүүгчдэд, тэр дундаа дарга шүүгч нарт зориулж хийж огт болохгүй. Дээд шүүхийн шүүгчид зориулаад эрх мэдэл овоолбол хонгил хонгил хэвээрээ л үлдэнэ.

Шүүгчдээс авсан судалгаанаас харахад гаднаас нөлөөлж буй нөлөөллөөс илүү дотоодоосоо, шүүгчдээс, тэр дундаа дээд шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчээс нөлөөлөх нөлөө илүү гэсэн байна лээ. Тиймээс гадны улс төрийн зүй бус нөлөө хэнээр дамжиж орж ирж байгаа гэдэг тодорхой.

Тэр сувгийг таслах тухайд Шүүхийн хуулийг харж хийхгүй бол хүсэн хүлээж, шаардаад байгаа нийгмийн захиалга бодит ажил хэрэг болохгүй. ШЕЗ-ийн гишүүдийг нээлттэйгээр сонгох нь илүү зөв байх.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан шүүхийн тухай хуулийн төслийн талаарх байр суурийг тань сонирхмоор байна. Ерөнхийлөгчийн институцын зүгээс тодорхой хэрэг, маргаанд зүй бусаар нөлөөлөх бодит эрсдэл байгаа гэдэг...

-Засгийн газар, Ерөнхийлөгчийн өргөн барьсан шүүхийн тухай хуулийн төсөлд эрх мэдлээ булаацалдсан, зохимжгүй байдлаар хуваарилах гэж оролдсон зүйлс харагдаж байна лээ. Шүүхээс Ерөнхийлөгч зууралдаад байгаа юм шиг хандлага тухайн хуулийн төсөл дээр харагдаж байгаа нь үнэн. Сургамж авбал авахаар болсон шиг л санагдаад байгаа.

Насаараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байхгүй гэдгийг мэдэж байгаа. Албан тушаалаасаа буусныхаа дараа бүтээсэн машиндаа өөрсдөө хэрчүүлээд явж байгаа түүх дуусаагүй байна. Мангасын дүрд тоглохоосоо илүүтэй яавал шүүхийн тогтолцоо жирийн монгол хүн, энэ улсын иргэнд үйлчилж, бид ч гудманд гарахад хэн нэгний захиалгаар махны машинд оруулаад байхааргүй, хуулиараа, шударга ажилладаг байх вэ гэдгээ бодох ёстой.

Ерөнхийлөгчийн төсөл дээр нэг авууштай санаа бол Сахилгын хороотой холбоотой заалт. Сахилгын хорооны шийдвэрийг дээд шүүхээс хамааралгүй болгох гэж л өнгөрсөн жил Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2012 онд шүүгчдэд хариуцлага тооцдог хариуцлагын хороог хуульчдын холбоонд өгсөн чинь шүүгчид лоббидсоор байгаад тухайн үеийн ерөнхийлөгч, гишүүдээр дамжуулаад ШЕЗ-ийн дэргэд ёс зүйн хороо байгуулаад авсан.

Тэгээд зогсохгүй Үндсэн хуулийн Цэцэд захиалга өгөөд ёс зүйн хорооноос шүүгчтэй холбоотой гаргасан хариуцлага тооцох шийдвэрийг дээд шүүх хянадаг болгож авсан. Дээд шүүх хянадаг болсноор асуудалд орсон шүүгч болгоныг дээд шүүхийн ерөнхий шүүгч гартаа атгаж, өөртөө үйлчлүүлдэг болж хувирсан. Ингээд бүх шүүгч дээд шүүхийн ерөнхий шүүгчид мбргөдөг болсон доо.

Ерөнхийлөгчийн төсөлд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаагаар Сахилгын хорооны эрх мэдлийн асуудлыг авч үзсэн бол Засгийн газрын өргөн барьсан төсөлд яг эсрэгээрээ хуучин байгаа муу жишгийг хууль болгож оруулж ирсэн байна лээ.

Дээд шүүхэд шүүгч нарын асуудал шийдэгдэнэ гэдэг дахиад шүүгч нарын дарга Дээд шүүхийн Ерөнхий шүүгч байна гэсэн үг. Өмнө нь болж байсан алдаа завхралаасаа сургамж авдаг байвал сайнсан.

Зураг
x