Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баясгалан: Санал тоолох төхөөрөмжийг хакдах боломжгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн талаар тайлбар хийлээ.

"Сонгуулийн санал хураалтын дүнг ямар нэг байдлаар өөрчилдөг зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье"

СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр ойртож байгаа энэ цаг үед сонгууль зохион байгуулалтын бэлтгэл бүрэн хангагдаад явж байна.

Энэ үед зарим иргэнээс санал хураалттай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн, илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна.

Уг мэдээлэл нь өөрөө хууль бус бөгөөд сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж СЕХ-ноос үзэж байгаа учир Тагнуулын байгууллагад шалгуулахаар хандаад байна.

Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг 2012 оноос хойш Монгол Улс сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа. Тус санал тоолох төхөөрөмж нь тодорхой баримтуудыг үлдээдэг онцлогтой.

Санал хураалтын дүнг ямар нэг байдлаар өөрчилдөг зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

Мөн тэрбээр “Саналын хуудсыг хэвлэх тусгай зөвшөөрөл бүхий шаардлагыг хангасан үйлдвэр Монгол Улсад хоёр л байдаг.

Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх бүх үйл ажиллагаанд Тагнуулын байгууллага болон Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн байгууллага хяналт тавьж ажилладаг.

Энэ бүх ажиллагаанд ч нам эвслүүдийн бүх ажиглагч нар оролцож хөндлөнгийн хяналтаа тавьж байгаа. Тиймээс саналын хуудсыг илүү хэвлүүлэх эсвэл өөрчлөх боломж огтхон ч байдаггүй” хэмээн онцлов.

"Санал тоолох төхөөрөмжийг хакдах боломжгүй"

СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан “Санал тоолох төхөөрөмжийг хакдах боломжгүй. Учир нь санал хураалтын төхөөрөмж нь өөрөө цаасан суурьтай бөгөөд саналын хуудас нь өөрөө анхан шатны баримт болно.

Мөн санал тоолох төхөөрөмж ямар нэгэн сүлжээнд холбогдохгүйгээр хамгийн эхний баримт болох санал хураалтын дүнгээ хэвлэж гаргаад хэсгийн хороонд ажиллаж буй ажиглагч нарт бүх баримтаа хэвлээд өгчихдөг. Үүний дараа дүнгээ дамжуулдаг юм. Ингээд дүн СЕХ-ны серверт ирнэ. Түүний дараа анхан шатны цаасан баримттайгаа тулж байгаа эсэхийг хянаж шалгадаг.

2012 оноос хойш энэ үйл явцадсанал зөрсөн тохиолдол нэг ширхэг ч байхгүй. Гараар тооллого хийхэд ч санал огт зөрж байгаагүй. Өөрөөр хэлбэл, төхөөрөмжөөс гарсан санал, гараар тоолсон саналыг дүн яг таардаг.

Улс орон даяар нийт 25,000 орчим төрийн албан хаагч төрийн сонгууль явуулах гээд нойр хоолгүй ажиллаж байхад ажлыг нь үгүйсгэж, илт худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна” гэв.

Үргэлжлүүлэн “Санал тоолох төхөөрөмжийн сонгуулийн файлуудыг үүсгэхдээ манай төвийн инженерүүд 100 хувь өөрсдөө хийж гүйцэтгэж байгаа буюу гаднаас ямар нэг компанийн инженерүүдийн оролцоо байхгүй. Бүх процесс ТЕГ-ын хяналт дор явагддаг” гэв