Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр энх тайвны Нобелийн шагналыг хүртлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн орой энэ оны энх тайвны Нобелийн шагналын эзнийг зохион байгуулагчид нь зарлажээ. Уг шагналыг олон сая хүний амийг өлсгөлөнгөөс аварсан НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр (ДХХ) байгууллага хүртэхээр болсон байна.

“Өлсгөлөнтэй тэмцэж, дайн мөргөлдөөнтэй бүс нутгуудад энх тайван байдал тогтооход хувь нэмрээ оруулж, өсгөлөнг зэвсэг болгон ашиглахаас сэргийлсний төлөө” ДХХ-ийг шагнаж байгаагаа Нобелийн шагналын хорооны дарга Берит Рэйсс-Андерсен өчигдөр Осло хотод болсон арга хэмжээний үеэр мэдэгджээ.

ДХХ-ийн тооцоолсноор манай гарагийн 11 хүн тутмын нэг нь буюу 690 сая хүн орой бүр хоосон ходоодтой орондоо ордог байна.

Өнгөрсөн онд тус байгууллага дэлхийн 88 улс орны 97 сая орчим хүнд 15 тэрбум ээлжийн хоол хүнс тараажээ.

НҮБ 2030 онд өлсгөлөнг устгах зорилготой ажиллаж байгаа. Хэдийгээр сүүлийн 30 орчим жил ахиц дэвшил гарсан ч нөхцөл байдал одоогийн хэвээр үргэлжилбэл энэхүү зорилт хугацаандаа биелэх боломжгүй гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.

Өлсгөлөнгийн гол хохирогчид нь хүүхэд, эмэгтэйчүүд болдог. Өлсгөлөн үүсгэх гол хүчин зүйл нь дайн мөргөлдөөн болдог ба дайны бүс нутагт амьдардаг хүмүүс тайван газар амьдардаг хүмүүсээс өсгөлөнд нэрвэгдэх магадлал гурав дахин өндөр байдаг байна.

Өнөөдрийн байдлаар үүний хамгийн том жишээ нь Ойрх Дорнодын Йемен улс болоод байгаа юм. НҮБ энэ улсад үүссэн нөхцөл байдлыг “дэлхий дээрх хамгийн том хүмүүнлэгийн гамшиг” гэж нэрлэжээ.

2015 оноос хойш энэ улсын засгийн газар Ираны дэмжлэгтэй Хусит босогчидтой дайтаж байгаа ба энэ дайнд Саудын Араб тэргүүтэй гадаадын цэргийн эвсэл бас оролцож байна.

Өнгөрсөн хугацаанд Йеменд олон арван мянган хүн амь үрэгдэж, гурван сая хүн орон гэрээсээ дүрвээд байгаа юм. Тус улсын 30 сая хүн амын гуравны хоёр нь өлсгөлөнгийн байдалд амьдарч байгааг ДХХ мэдээлжээ.

Коронавирусийн цар тахал дэлхий дахины хоол хүнсний хүртээмжийг улам хүндрүүлж байна.

Йеменээс гадна Конгын Бүгд Найрамдах Улс, Нигери, Өмнөд Судан, Буркина Фасо улсуудад хүчирхийлэл, цар тахал хоёр хүч хавсарснаас өлсгөлөн хүмүүсийн тоог огцом нэмэгдүүлж байгаа ажээ.

Коронавирусийн нөлөөгөөр дэлхий дахинд 83-132 сая хүн нэмж өлсгөлөнд нэрвэгдэх тооцоог долдугаар сард НҮБ гаргаж байв.

НҮБ-ын харьяа байгууллага 12 дахь удаагаа энх тайвны Нобелийн шагналыг хүртэж байна.

Дэлхийн Хүнсний Хөтөлбөр нь 1961 онд байгуулагдсан, төв нь Италийн нийслэл Ром хотод байрладаг юм.

Энэ оны Нобелийн шагналтнуудыг тодруулах ажиллагаа Даваа гарагт эдийн засгийн салбарын шагналтныг зарласнаар өндөрлөнө.

 

Эх сурвалж: AFP