Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп шинэ жилээс өмнө Афганистанаас бүх цэргээ гаргах тухай мэдэгдлээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр орой твиттер хуудсандаа зул сарын баяраас өмнө Афганистанд байгаа бүх цэргээ гаргахаар төлөвлөж байгааг мэдээлжээ.

“Зул сарын баяраас өмнө бид Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа үлдсэн бүх зоригт эрчүүд, бүсгүйчүүдээ гэрт нь хариулах ёстой!” гэж тэр мэдэгдсэн байна.

Өчигдөр бол АНУ-ын цэрэг Афганистанд орж, дайн эхлүүлсний 19 жилийн ойн өдөр юм.

Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О Брайан өнгөрсөн долоо хоногт Лас Вегаст болсон арга хэмжээний үеэр хэлэхдээ үүнээс өөр төлөвлөгөөтэй байгааг ярьж байв.

“Ерөнхийлөгч Трамп ажлаа авч байх үед Афганистанд манай 10,000 гаруй цэрэг байсан. Өнөөдрийн байдлаар 5,000 хүрэхгүй тооны цэрэг байрлаж байна. Ирэх оны эхээр энэ тоо 2,500 болж буурах юм” гэж тэр ярьж байжээ.

Харин Трамп зөвлөхийнхөө ярьсныг үгүйсгэсэн мэдэгдлийг сая хийсэн байна.

Пентагон ерөнхийлөгчийнхөө мэдэгдлийн талаар хэвлэлүүдэд тайлбар хийхээс татгалзаж, Цагаан ордноос тодруулахыг зөвлөжээ.

Дональд Трамп 2016 оны сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл Афганистан төдийгүй Ирак, Сири дэх цэргийнхээ тоог цөөрүүлж, үр ашиггүй дайнуудыг дуусгах тухай ярьж ирсэн юм.

Харин Пентагоны удирдлагууд үүнд тийм ч таатай биш хандаж байгаа. Хэрвээ Афганистанаас цэргээ бүрэн гаргавал тэнд Аль Кайда, Исламын Улс зэрэг террорист байгууллагууд хүчээ авч, АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гэж тэд үздэг юм.

Пентагоны зарим дээд албаныхан Афганистанаас цэргээ бүрэн гаргах төлөвлөгөөний талаар ямар ч мэдээлэлгүй байгаа, Трампын мэдэгдлээс анх удаа сонссоноо хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: The Wall Street Journal