Олон Улсын Математикийн 61-р Олимпиад 2020 оны есдүгээр сарын 18-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дүнгээ гаргасан билээ. Тус олимпиадад Дэлхийн 105 орны 630 орчим математикч сурагч оролцсоноос манай сурагчид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн нийт 135 оноогоор 29 дүгээр байрт шалгарч, өндөр амжилт үзүүллээ.
Нэрт математикч Ц.Баясгалан агсны нэрэмжит болгон зохиогдох Монголын Математикийн 56 дугаар олимпиадын бэлтгэл ажлын хүрээнд түүний гарын шавь, “Космо Групп”-ийн ерөнхийлөгч Б.Батбаасан ОУМатематикийн 60, 61 дүгээр олимпиадад алтан медаль хүртсэн сурагч тус бүрд 10 сая төгрөгийн мөнгөн шагнал амласан юм.
Энэхүү ажлын үр дүнд Дэлхийн оюуны хамгийн том тэмцээн болох Математикийн Олон Улсын Олимпиадын алтан медалийг 2019 онд Нийслэлийн 1-р сургуулийн сурагч М.Өнөболд, 2020 онд Шинэ Монгол сургуулийн сурагч О.Мишээл нар жил дарааллан хүртсэн түүхэн амжилтыг гаргаж Монгол Улсын нэрийг өндөрт өргөлөө.
2020 оны 61 дэх удаагийн олимпиадын оролцогчдын гаргасан амжилт нь Монголын математикчдын түүхэнд бичигдэх амжилт болж алтан медалийн эзэн болсон “Шинэ Монгол” ахлах сургуулийн сурагч О.Мишээл 99.51%-ийн гүйцэтгэл үзүүлж, чансаагаараа дэлхийд дөрөвт бичигдсэн явдал юм.
Энэ жилийн ОУ-ын математикийн мөнгөн медальт Сант сургуулийн сурагч А.Нямдаваа нь энэ оны Мэдээлэл Зүйн ОУ-ын олимпиадаас Анхны Алтан медаль /2019 онд ОУ-ын анхны мөнгө/ авсан сурагч бөгөөд О.Мишээлийн хамтаар “Соёмбо” бага сургуулийн төгсөгчид тул тэдний суурь хүмүүжил боловсролыг олгоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэн сургуулийн зөвлөх багш нэрт математикч Б.Батцэнгэл, Захирал Г.Батбаяр нарыг “Космо Групп”-ын Хүндэт өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
/Зураг дээр дарж томруулж харна уу/