Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Зээлээр кино санхүүжүүлэх шиг худал зүйл байхгүй шүү

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Уг хуулийг 2019 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. 

Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор уг хуулийн боловсруулсан гэдгийг хууль санаачлагч танилцуулсан байна. 

Хэлэлцүүлгийн талаарх гишүүдийн байр суурийг товчлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Кино үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж хуулийн төсөлд заасан байна. Мөн Засгийн газраас кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг байгуулна гэсэн байна. Монгол кино үйлдвэр нэгэнт хувьд оччихсон. Хувьд очсон байгууллагад төрөөс мөнгө гаргах гээд байгаа хэрэг үү. Хэн хариуцаж, яаж дэмжих юм бэ? 

Соёлын сайд С.Чулуун: Кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хариуцах ёстой байх. Хуучнаар Монгол кино үйлдвэр нь менежментийн хувьчлалаар хувьчлагдчихсан. Кино үйлдвэрлэл хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. Манай яаман дээр кино, медиа урлагийг хариуцсан мэргэжилтэн энэ асуудлыг хариуцаж ажиллаж байгаа. 
Кино урлагийг дэмжих сан гэж байгуулсан. Сангаас дэмжлэг үзүүлнэ. 
Энэ сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмыг Засгийн газар хэлэлцэн батлана. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Кино төслийг санхүүжүүлэх асуудлыг хуулийн төсөлд маш ерөнхий заасан байна. Төрөөс санхүүжилтийг дэмжинэ гэж оруулж. АНУ-д гэхэд маш их мөнгийг кино урлагийн хөрөнгө оруулалтын сан байдлаар төвлөрүүлдэг. Ашгийн татвараас чөлөөлөгддөг тул кино урлагт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Тиймээс энэ хуульд хувийн хэвшлийн кино дэмжигч, санхүүжүүлэгчдийг дэмжих үг, үсэг оруулмаар байна. 

Манайд кино урлагийг дэмжих сан байгуулсан гэж байна. ЖДҮ шиг юм болох вий дээ.

Зээлээр кино санхүүжүүлэх шиг худал зүйл байхгүй шүү. Гадагшаа гаргахгүй л юм бол манай зах зээлээс олж байгаа ашгаар зээлийн хүү байтугай үндсэн төлбөрийг нь ч төлж чадахгүй гэж би бодож байна. 

Хоёрдугаарт, тухайн кино нь ажилттай болох эсэх нь мэдэгдэхгүй байхад зээлээр санхжүүлнэ гэдэг боломжгүй зүйл. Буцалтгүй тусламж маягийн зүйл байхгүй бол зээлийн хэлбэр зохимжгүй.   

Соёлын сайд С.Чулуун: 2019 оны дөрөвдүгээр сард энэ хуулийг өргөн барьсан бол арваннэгдүгээр сард Кино урлагийг дэмжих санг байгуулсан. Киноныхонтой уулзахад ЖДҮ-гийн зарчмаар явж байгаа энэ санг шүүмжилж байсан. Киночид энэ сангаас зээл авлаа гэхэд эргээд эрсдлээ дааж чадах уу гэдэг асуудал байгаа. Тодорхой хугацааны дараа нөгөө уран бүтээлчдээ хүнд байдалд оруулах нөхцөл байдал үүсч магадгүй. 

 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Одоо энэ санд ямар хэмжээний хөрөнгө байгаа вэ. Сангийн үйл ажиллагааг ямар зарчмаар авч явах вэ.

Соёлын сайд С.Чулуун: Кино урлагийг дэмжих сангийн журам эцэслэгдэнэ. Одоо баримталж байгаа эрх зүйн баримт бичиг буюу Засгийн газрын тусгай сангийн хуульд “Монгол болон хамтарсан кино бүтээх зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгоно” гээд заачихсан байгаа. 

Жилд 10 тэрбум төгрөгийн хэмжээтэй санхүүжилт тавьж байгаа. Энэ мөнгө одоо байгаа. Сангийн журмаа баталж байж хэрэгжүүлнэ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Кино урлагийг дэмжих сан чинь цөөхөн хэдэн хүнд хөрөнгө оруулалт хийдэг болох вий дээ. Тэр 10 тэрбум төгрөгөөр түүх өв соёлоо харуулсан, Монгол төрд хэрэгтэй киног захиалж хийгээч ээ. Дээр нь сангийн удирдлагыг хэн хэрэгжүүлэх вэ.

Салбарын сайд сан удирддаг буруу тогтолцоо яваад байна. Сангаа хөндлөнгийн хүнээр удирдуулах нь зүйтэй. Сангийн менежтентийг сайжруулж, киночид, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоос төлөөлөл оруулаад олон нийтийн зөвлөлийн тусламжтайгаар сонгон шалгаруулж кинонд хөрөнгө оруулалт хийхгүй бол С.Чулуун сайд өөрийнхөө хэдэн кинонд хөрөнгө оруулалт хийсэн гэж хэл ам татлана шүү. 

Энэ сангуудаас болж үе үеийн сайд нар хэл аманд орж байгаа шүү. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Киноны зовлон жаргалын зах зухаас мэддэгийн хувьд зарим зүйлийг хэлье. Киноны тухай хууль бол киночдод шийдэл, гарц гаргаж өгөх, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гарахад дэм болох хууль байх ёстой гэж бодож байна. 

Гэтэл зарим заалт кино хийж байгаа хүмүүсийг хүнд сурталдаг маягтай байна. Жишээ нь, заавал яамнаас зөвшөөрөл авна. Зураг авалтаа эхлэхээс 10 хоногийн өмнө батлуулна. Зургин талбай дээр агуулга зэргийг өөрчилж болохгүй гэх мэт. Киноныхоо агуулгын 50 хувийг ч өөрчлөх тохиолдол байдаг. Энэ заалт амьдралд наалдахгүй. Ингэх юм бол кино урлаг хөгжих нь битгий хэл улам цаашаа явна. 

Ийнхүү гишүүд асуулт асуулт асууж, хариулт авсны эцэст санал хураалт явуулснаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.