Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Өнөөдөр дахин нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарснаар эдгэрсэн хүний тоо 308 боллоо

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн хоёр хоног дөрвөн лабораторид нийт 1,281 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,280 хүний сорьцод коронавирус илрээгүй.

Харин нэг хүний сорьцод коронавирус илэрсэн. Энэ хүн бол аравдугаар сарын 4-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн бөгөөд ачаа тээврийн жолооч байсан.

Нэг сайн мэдээ нь өнөөдөр дахин нэг хүн эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны хяналт руу шилжлээ.

Эдгэрсэн хүний тухайд, есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 57 настай эмэгтэй байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 315 тохиолдол батлагдсан. Үүнээс 308 нь буюу 98 хувь нь эдгэрчээ.

Эдгэрсэн хүмүүсээс 10 хүн сувилалд, дөрвөн хүн гэрийн ажиглалтад байгаа бол 294 хүний хяналт, тандалт дууссан.

Одоогоор ХӨСҮТ-д нийт долоон хүн эмчлэгдэж байгаа бөгөөд зургаан хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

"Иргэд улирлын томуугийн вакциндаа хамрагдах хэрэгтэй"

Үргэлжлүүлэн “Аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд улс даяар улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт улс даяар явагдаж байна. Тиймээс иргэд вакциндаа хамрагдах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Бид эмч ажилчид, гааль, хилийн цэрэг, цагдаа болон коронавирусийн тэмцэх үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагуудын шууд харьцаж байгаа ажилтнууд халдвар авах өндөр эрсдэлтэй учраас халдвар хамгааллыг дэглэмд онцгой анхаарах талаар мэдээ, сургалт хийж байна.

Хамгийн гол нь хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой томуу, томуу төст өвчний дэгдэлт гарч байгаа учир иргэд энгийн боловч амьсгалын замын болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх үр дүнтэй аргуудыг байнга хэрэглэж байхыг хүсэж байна.

Үүнд, амны хаалт тогтмол зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зайг баримтлах зэрэг багтаж байна” гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1204247459947499

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.