Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Уулын Карабахын мөргөлдөөнд Сирийн 64 хөлсний дайчин амиа алдаад байгааг мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Уулын Карабахт өрнөж буй Армени, Азербайжаны зэвсэгт мөргөлдөөнд Бямба гарагийн байдлаар Сирийн 64 хөлсний дайчин амь үрэгдээд байгааг Британид төвтэй “Сирийн Хүний Эрхийн Хяналт”  байгууллага өчигдөр мэдээлжээ.

Эдгээр дайчдыг Туркийн эрх баригчид Сири дэх өөрийн нөлөөний бүсээс элсүүлж, Азербайжаны талд байлдуулахаар Өвөр Кавказ руу илгээсэн гэгдэж байгаа. Сирийн Хүний Эрхийн Хяналт байгууллагын мэдээлснээр өнгөрсөн долоо хоног гаруйн хугацаанд тус улсаас нийт 1,200 орчим хөлсний дайчныг Туркийн тал Азербайжан руу илгээсэн гэнэ.

Армени улс Уулын Карабахын мөргөлдөөнд Сирийн хөлсний дайчдыг оролцуулж байгаад Турк улсыг буруутгаж байгаа бол Турк, Азербайжан улсууд үүнийг эрс няцаасаар байгаа юм.

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн Баасан гарагт үг хэлэхдээ Азербайжан руу жихадистуудыг илгээж буй Турк улсаас тайлбар шаардаж байв.

Түүний хэлснээр Сирийн Алеппо хот дахь жихадистуудаас 300 орчим хүн Туркийн Газиантепээр дамжин Азербайжанд хүрснийг Францын тагнуулын алба хөдөлшгүй баримтаар тогтоосон гэнэ.

Бямба гарагт Сирийн засгийн газар мөн Уулын Карабахын мөргөлдөөнд Турк улс өөрийнх нь нутгаас элсүүлсэн дайчдыг оролцуулж байгааг шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ.

1990-ээд оны үед Азербайжанаас салан тусгаарласан армени үндэстний бүс нутагт Уулын Карабахт есдүгээр сарын 27-нд эхэлсэн зэвсэгт мөргөлдөөн өнөөдрийг хүртэл үргэлжилж, цэрэг, энгийн иргэн нийлсэн олон зуун хүн амиа алдаж, шархдаад байна.

 

Эх сурвалж: AFP