Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хөнгөн халуурч, ханиалгаж эхэлсэн АНУ-ын ерөнхийлөгчийг цэргийн эмнэлэгт хүргэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн өглөө коронавирусийн шинжилгээнийх нь хариу эерэг гарсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг тухайн өдрийн орой нь АНУ-ын батлан хамгаалах яамны харьяа Уолтер Рид Эрүүл Мэндийн Төвд хэвтүүлсэн тухай Цагаан ордон мэдээлжээ.

“Болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс эмч мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу ерөнхийлөгч ойрын өдрүүдэд Уолтер Рид эмнэлгийн өрөөнөөс ажлаа явуулах болно” гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Трампын биед одоогоор хөнгөн халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Биеийн байдал нь харьцангуй хэвийн байгаа тул эмнэлэг дэх ерөнхийлөгчийн тусгай өрөөнөөс ажил үүргээ явуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

АНУ-ын ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд дэд ерөнхийлөгч эрх мэдлийг нь түр шилжүүлж авдаг. Одоогоор Трамп эрх мэдлээ дэд ерөнхийлөгч Майк Пэнст шилжүүлээгүй байгааг Цагаан ордон баталжээ.

Гэхдээ Трамп нь Уолтер Рид эмнэлэгт хоносон анхны ерөнхийлөгч биш юм байна. 1989 онд ерөнхийлөгч Рональд Рейган зүүн гарын ядам хуруундаа хөнгөн мэс засал хийлгэсний дараа энэ эмнэлэгт нэг шөнийг өнгөрүүлж байжээ.

Нөгөө талаар Трамп коронавирусийн халдвар авсан нь 1981 онд ерөнхийлөгч Рейган буудуулж, шархдсанаас хойш АНУ-ын ерөнхийлөгч нарын эрүүл мэндэд тохиолдсон хамгийн ноцтой асуудал болсон байна.

Уолтер Рид Эрүүл Мэндийн Төв нь нийслэл Вашингтоны гадна, АНУ-ын зэвсэгт хүчний хамгаалалт дор оршдог. Үе үеийн ерөнхийлөгч нарт тохиолдсон эрүүл мэндийн асуудлыг Цагаан ордны эмч нар шийдэж чадахгүй болсон тохиолдолд хамгийн түрүүнд энэ эмнэлэгт ханддаг байна.

Тиймээс эмнэлгийн нэг жигүүрт ерөнхийлөгчийн тусгай хамгаалалттай өрөө байдаг ажээ.

Хамгийн сүүлд 2019 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Дональд Трамп уг эмнэлэгт очиж байв. Жил тутмын эрүүл мэндийн үзлэгийнх нь нэг хэсгийг энд явуулахаар болсныг тухайн үед Цагаан ордны хэвлэлийн алба тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider