Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваниас манай улсад тусгаарлалтын бүсэд ашиглах эмнэлгийн зориулалтын 5,000, халдвар хамгааллын 20,000 хувцас хандивлалаа

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Тайванийн Засгийн газраас манай улсад нийт 400 мянган ам.долларын үнэ бүхий, тусгаарлалтын бүсэд ашиглах эмнэлгийн зориулалтын 5,000 ширхэг хамгаалах хувцас болон халдвар хамгааллын 20,000 ширхэг хувцсыг хандивлалаа.

Эдгээр хандивын эд зүйлсийг өнөөдөр Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн юм.

Өмнө нь Монгол Улсад халдвараас сэргийлсэн гуурс хатгадаг хайрцаг болон эмнэлгийн зориулалттай амны хаалт 200 мянган ширхгийг хандивлаж байсан удаатай.

 "Хамгаалалтын хэрэгслүүд бүгд Тайваньд үйлдвэрлэгдэж, Европ, Америкийн лабораториор чанарын шинжилгээ хийлгэхэд "өндөр чанар хангасан" гэж батлагдсан"

 
гэрэл зургийг MPA.mn

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Миний бие өнөөдөр Тайванийн Засгийн газрыг төлөөлөн тусгаарлалтын бүсэд ашиглах эмнэлгийн зориулалтын хамгаалалтын хувцас хэрэглэл болон халдвар хамгааллын хувцсыг Монгол Улсад хандивлаж байгаадаа баяртай байна.  

Монгол Улс коронавирусийн эсрэг арга хэмжээг амжилттай сайн хэрэгжүүлж байгаа ба дотооддоо халдвар аваагүй. Гэсэн хэдий ч дэлхий нийтээр коронавирусийн тархалт хурдацтай өсөж буй учраас Монголд хамгаалах хувцас хэрэглэлийн нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзээд, энэ удаа хамгаалах хувцас хандивлаж байна. Тайванийн Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сараас хамгааллын хэрэгслийг бусад улс орнуудад хандивлах ажлыг эхлүүлсэн

Эдгээр хамгаалалтын хэрэгслүүд бүгд Тайваньд үйлдвэрлэгдэж, Европ, Америкийн лабораторид чанарын шинжилгээ хийлгэхэд "Өндөр чанар хангасан" гэж батлагдсан. Тэр утгаараа галын нэгдүгээр шугамд ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Энэхүү хандивын арга хэмжээ нь “Тайвань тусалж байна. Тайвань тусалж чадна” хэмээх үзэл санааг бодитоор хэрэгжүүлж буй илрэл төдийгүй хоёр улсын найрсаг харилцааг бататгаж буй хэлбэр юм. Цар тахал гарсан үед дэлхий нийтээр эвлэлдэн нэгдэх ёстой. Гэтэл Тайвань одоог хүртэл ДЭМБ-ын системээс ангид байгаа тул Монголын ард түмэн биднийг дэмжээсэй хэмээн хүсэж байна.

Түүнчлэн Тайванийн Засгийн газраас Монгол Улсыг эрсдэл багатай улс гэж тооцон бизнес эрхлэгчид, оюутнууд болон яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай монгол иргэдийн визийн үйлчилгээг авч эхэлсэн. Иймээс бизнес эрхлэгчид Тайваньд тав хоног тусгаарлагдаад бизнесээ өргөжүүлэх боломжтой” гэв.

Тайваниас энэ оны наймдугаар сарын байдлаар нийт 55 сая ширхэг амны хаалт, 600 мянган ширхэг халдвар хамгааллын хувцас, 170 мянган ширхэг тусгаарлалтын бүсэд ашиглах эмнэлгийн зориулалтын хамгаалах хувцсыг 80 гаруй улс оронд хандивлажээ. Үүгээрээ дэлхий нийтээр эвлэлдэн нэгдэж, коронавирусийн хамт тэмцэхийг уриалсан аж. 

"Сэтгэл санаа, эд материал, оюун ухаан, мэдлэг чадвар зэрэг бүх талын тусламж үзүүлж, туршлагаа хуваалцаж байгаад баяртай байна"

 
гэрэл зургийг MPA.mn

ХӨСҮТ-ийн дарга Г.Нямхүү "Тайванийн зүгээс Монгол Улсын коронавирусийн халдвартай тэмцэх үйл ажиллагаанд эхнээс нь эхлээд тусламж үзүүлсэн. Бидний хэрэгцээнд шаардлагатай байгаа иж бүрэн хамгаалах хувцас хэрэгслийг энэ удаа хандивлаж байгаад баярлалаа. Өмнө нь бас дээд зэргийн чанартай 200 мянган амны хаалт өгсөн. Дээрээс нь цахимаар тус улс өөрсдийнхөө туршлагыг солилцож байгаа нь бидэнд маш их тус болж байна. Одоо энэ сарын 6-нд халдвар хамгаалалтад хийж буй зохион байгуулалт болон эмчилгээний талаарх онлайн хурлыг дахин хийхээр төлөвлөсөн.

Ийнхүү сэтгэл санаа, эд материал, оюун ухаан, мэдлэг чадвар зэрэг бүх талын тусламжийг өгч, туршлагаа хуваалцаж байгаад баяртай байна. Энэ бүхэнд Монголын ард түмэн, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, эрүүл мэндийн салбарынхан маань талархаж байгаагаа илэрхийлье. Бид энэ хувцас хэрэглэлүүдээ зөвхөн ХӨСҮТ-д хэрэглэхээс гадна өөр бусад газартай хувааж хэрэглэнэ. Энэ амжилтаа алдахгүйн төлөө хичээн ажиллах болно. Монголчууд маань ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг хүсье” гэв.

 
гэрэл зургийг MPA.mn
 
гэрэл зургийг MPA.mn