Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Даваа-Очир: Нийслэл, дүүргийн саналын хуудсыг хэвлэх ажиллагаа зогсонги байдалд байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгуулийн ерөнхий хороо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод болон залуучуудын "УБ паспорт", "Мину хота", "Өглөө" кампанит ажлын зохион байгуулагчид орон нутгийн сонгуульд иргэдийн оролцоог хангах тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр СЕХ-ны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар мэдээлэв.

"Өнөөдрийн байдлаар 20 аймгийн саналын хуудсыг хэвлэж дууссан"

Тэрбээр “Үндсэндээ одоогоор орон нутгийн сурталчилгааны ажил эхэлсэн явж байгаа.

Харин сонгуулийн гол үр дүнг бий болгох саналыг хуудсыг хэвлэх ажиллагаа явагдаад дуусаж байна.

Аймгуудын хувьд, өнөөдрийн байдлаар Ховд аймгийн саналын хуудас үлдсэн бөгөөд үлдсэн 20 аймгийн саналын хуудсыг хэвлэж дууссан. 

Зургаан аймгийн саналын хуудас орон нутаг руу хүргэгдээд явж байна. 

Харин нийслэл, дүүргийн саналын хуудсыг хэвлэх ажиллагаа зогсонги байдалд байна. Учир нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр орон нутгийн сонгуультай холбоотой гомдол ирсэн учраас бид шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээж буй.

Захиргааны хэргийн шүүх одоогийн нотлох баримтын хүрээнд энэ асуудлыг хуулийн хугацаанд нь шуурхай шийдэх байх гэж найдаж байна" хэмээн онцлов.

Үргэлжлүүлэн "Бид сонгогчдын сонгох эрхийг хангах ажилд нэлээд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Учир нь энэ сонгууль босгогүй гэдгээрээ онцлогтой. 

Тиймээс залуусын төлөөлөл, бусад иргэдийнхээ төлөөллийг сонгох эрхийг хэрхэн хангах тал дээр төрийн бус болон олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа.

Мөн цар тахлын үед сонгуулийг хэрхэн явуулах тал дээр Засгийн газрын шийдвэр гарсан.

Бид одоогоор УОК-той хамтран нэр дэвшигч, нэр дэвшигчдийн менежерүүд, ухуулагч нар болон сонгуулийн хороодын байгууллагын ажилтнууд, хууль  хяналт болон мэргэжлийн хяналтын байгууллагуудад холбогдох мэдээллүүдээ өгсөн.

Сонгогчийг аюулгүй орчинд саналаа өгөх тал дээр тухайн байгууллагуудтай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай” хэмээн хэлэв.

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу сонгуультай холбоотой бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв