Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хамаатан викингүүдийн араг ясыг мянга гаруй жилийн дараа “уулзуулахаар” болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Британийн Оксфорд мужаас араг яс нь олдсон викинг дайчин Дани улсаас араг яс нь олдсон хүнтэй ойр төрлийн хамаатнууд болохыг судлаачид ДНХ шинжилгээгээр тогтоожээ.

Даниас олдсон хүн нь Британиас олдсон хүний өвөг эцэг, эсвэл авга, нагац ах нь байсан гэж судлаачид дүгнэсэн байна.

Хоёр викингийн араг ясыг Дани улсын Үндэсний Музейд нээгдэх үзэсгэлэнд хамтад нь байрлуулж, нийтэд үзүүлэхээр болжээ. Оксфордоос олдсон араг ясыг ирэх хавар Копенгаген хот руу шилжүүлэх юм байна.

Нийтийн тооллын 1002 онд Саксоны хаан Этелрэд эх оронд нь ирж суурьшсан викингүүдийг бүгдийг нь устгах тушаал өгч байжээ. Үүний үр дүнд эрчүүд, хөвгүүд нийлсэн 35 викингийг хядаж, бөөнд нь оршуулсныг 2008 онд эрдэмтэд малтлагаар илрүүлж байв.

 

Данийн Үндэсний Музейн захирал, доктор Рэйн Уиллерслев “Толгойдоо 8-10 удаа цохиулж, нуруундаа хэд хэдэн удаа хутгалуулж алагдсан нэг өвөг дээдсийнхээ араг ясыг өнөөдөр харах үнэхээр сонирхолтой байна. Викингүүд Даниас Британийн аралд очиж амьдарч байсан тухай бид зөндөө сонсож байсан бол одоо үүнийг батлах баримттай боллоо” гэж ярьжээ.

Тэр цааш нь ярихдаа “Викингүүд гадаад улс орнуудад халдаж, алж талдаг байсан гэсэн ерөнхий ойлголт бий. Гэхдээ тэд бас үүнийхээ шанг хүртдэг байсныг эндээс харж болно” гэж ярьсан байна.

 

Эх сурвалж: BBC