Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Алекс Хайкенс: Бага насны хүүхдийн хөгжлийн үндэсний хороо байгуулан бүх салбар хамтарч ажиллах хэрэгтэй

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
 
гэрэл зургийг MPA.mn

Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе болох бага насны хөгжил, боловсролыг дэмжих нь насан туршийн ухаалаг ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Иймд бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, 0-6 хүртэлх насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого боловсруулан хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг хангах зорилгын хүрээнд НҮБ-ийн Хүүхдийн сангийн санаачилгаар БШУЯ, ХНХЯ болон ЭМЯ-ны хамтарсан зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр хийсэн юм. 

Бага насны хүүхдийн хөгжлийг хангахад үндсэн таван зүйл чухал нөлөөтэй байдаг. Үүнд,

  1. Эрүүл мэнд
  2. Хоол тэжээл
  3. Асаргаа халамж
  4. Хамгаалал
  5. Хөгжил боловсрол
"Хүүхдийн хөгжилд нь хөрөнгө оруулалт сайн хийх нь хамгийн чухал"
 
гэрэл зургийг MPA.mn

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Сүүлийн хоёр жилийн хугацаанд НҮБ-ын хүүхдийн сан бага насны хүүхдийн хөгжилд салбар дундын хамтын ажиллагаа чухал гэдгийг ярьж, нөлөөллийн ажлууд хийж ирлээ. Үр дүнд нь өнөөдөр БШУЯ, ХНХЯ болон ЭМЯ-ны хамтарсан уулзалт хийж буй нь том амжилт.

Бага насны хүүхдийн хөгжлийн үндэсний хороо гэж байгуулан бүх салбар хамтарч ажиллах хэрэгтэй. Хүүхдийн хөгжилд эхийн хэвлийд байхаас нь эхлээд гурван нас хүртэл маш чухал байдаг. Энэ хугацаанд хүүхдийн тархины хөгжил маш хурдацтай явагддаг тул хөгжилд нь хөрөнгө оруулалт сайн хийх нь чухал гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангаас зөвлөмөөр байна” гэдгийг уулзалтын үеэр онцолсон билээ. 

Хүний амьдралын эхний 1,000 хоног гэдэг нь ураг эхийн хэвлийд бүрэлдэн бий болж, нүдэнд харагдахгүй зөвхөн нэг эс байх мөчөөс эхлэн хүүхэд 2 нас хүртэлх хугацаа юм. Үүнд жирэмсэн үеийн 270 хоног, 1 нас хүртэлх 365 хоног, 2 нас хүртэлх 365 хоног багтдаг.

"Хүүхдийн тусламжийн 108 үйлчилгээний төвд жилд 134 мянга гаруй дуудлага ирдэг"

 
гэрэл зургийг MPA.mn

ХНХЯ-ны Хүүхэд залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа "Засгийн газраас Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг баталсан. Мөн Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Бэлгийн хүчирхийллийн тухай хууль батлагдсанаар хүүхдийн эрхийг хамгаалахад хариу үйлчилгээ үзүүлэх эрх зүйн зохицуулалт бий болсон хэрэг. 

Хуулийн хүрээнд хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд дуудлага, зөвлөгөө мэдээлэл өгдөг Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Хүүхдийн тусламжийн 108 үйлчилгээний төвд жилд 134 мянга гаруй дуудлага ирдэг. Үүний 4-5 мянга нь хүүхэд хамгааллын шуурхай дуудлага байдаг бөгөөд 70-80%-д нь 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны хамтарсан багийнхан тус тусын газартаа үйлчилгээ үзүүлж, тохиолдлуудыг шийдвэрлэн ажилласан байна. Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн эхний шат 70 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ шатанд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол хоёр дахь шатанд иргэнд хүрч буй үйлчилгээний чанар хүртээмж сайжруулах, хамгааллын боловсролын үйлчилгээг үзүүлэх зэрэг ажилд анхаарна. Энэ хавраас ЭМЯ, ХНХЯ, ЭМ-ийн сайд нарын хамтарсан тушаалаар хоёр дахь шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхээр бэлдэж байна" гэв. 

“Дэлхийн улс орнуудын СӨБ-ын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн насны байдлыг харвал 3-5 насныхны СӨБ-ын үйлчилгээнд хамрагдалт хамгийн их буюу 45.4 хувьтай байгааг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар хэлсэн юм. 

Хүснэгт 1. Дэлхийн улс орнуудын СӨБ-ын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн насны байдал

Бүс  Бүгд  3-4  3-5  3-6 4-4 4-5 4-6 5-5 5-6 6-6
1 Арабын орнууд  20   8     11   1    
2 Төв ба Зүүн европ 21   9 12            
3 Төв Ази 8   2 6            
4 Зүүн ази ба далайн орнууд  34 5 17   3 4 1 1 2 1
5 Латин Америк ба Карибын сав газар  42 14 13   1 10 2 1 1  
6 Хойд Америк ба Баруун европ  28 2 16 3 2 3     2  
7 Өмнөд ба Баруун Ази 9 3 3 1   1   1 0  
8 Сахараас урагших Африк 45 1 25 4   3 7 1 3 1
  ДҮН  207 25 93 26 6 32 10 5 8 2

"Хүүхдийн осол гэмтэл сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байгаа ба тохиолдлын тоо ч ихсэж байна"

Харин хүүхдийн хөгжилд эрүүл мэндийн талаарх асуудал цаашид хэрхэн тусах ёстой талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дар Т.Энхзаяа “Хүүхдийн осол гэмтэл сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байгаа ба тохиолдлын тоо ч ихсэж байна. Тодруулбал, 1-5 насны хүүхдүүд юмнаас унаж гэмтэх нь их байдаг. Мөн орноосоо унах, түлэгдэх, хаалганд гараа хавчуулах зэрэг гэнэтийн осол гэмтэлд их өртөж байна. Хүүхдийн хөгжилд эрүүл мэнд, хоол тэжээлтэй холбоотой асуудал хүүхдийн хөгжилд чухал нөлөөтэй. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд

  • Илүүдэл жин ба таргалалтын тархалтыг бууруулах ажлыг зохион байгуулах
  • Эрүүл бус хүнсний зар сурталчилгаа, ялангуяа хүүхдэд чиглэсэн зар сурталчилгааг хязгаарлах хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
  • Эрүүл хүнсний үйлдвэрлэл, худалдааг дэмжих
  • Эрүүл бус хүнс (чихэрлэг ундаа)-нд татвар ногдуулах замаар хэрэглээг хязгаарлах
  • Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих орчин бүрдүүлэх, ялангуяа хүүхдэд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэв.

"Бага насандаа хүчирхийлэлд өртөх нь тархины хөгжилд нөлөөлж, мэдрэлийн тогтолцооны бусад хэсгийг нэн хортой гэмтээдэг" 

Тус зөвлөлдөх уулзалтын үеэр мөн хүүхдийн хүчирхийллийн асуудууд хөндөгдсөн юм. Тодруулбал, бага насны, тэр дундаа 4-5 насны хүүхдүүд нь өөрийн хамгийн хайртай, дотнын хэн нэгний дарамт, хүчирхийлэлд байгаагаа мэддэггүй, бас ихэнхдээ нуудаг. Иймээс хүчирхийлэлд өртсөн хүүхдэд эцэг эх, асран хамгаалагч нь туслахгүй, эсвэл мэдээгүй тохиолдолд цэцэрлэгийн багш болон олон нийтийн байгууллагын үүрэг, хариуцлага нэн чухал болно. Нөгөө талаас цэцэрлэг, цэцэрлэгийн багш хуульд заасны дагуу хүүхдийг хамгаалах үүрэгтэй гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанд онцолсон байлаа. 

ДЭМБ-ын санаачилгчаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах хамгийн өндөр боломжтой, урьдчилан сэргийлэх нотолгоон дээр суурилсан, бодит жишээ бүхий долоон стратеги хөтөлбөр үйлчилгээг боловсруулан гаргасан байдаг. Үүнд,
  1. Хууль хэрэгжүүлэх, сахиулах
  2. Хэм хэмжээ болон үнэт зүйлс
  3. Аюулгүй орчин
  4. Эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэг
  5. Орлого нэмэгдүүлэх, эдийн засгийг бэхжүүлэх
  6. Хариу үйлдэл болон дэмжих үйлчилгээ
  7. Боловсрол болон амьдрах ур чадвар зэрэг багтаж байгаа юм.