Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Намрын чуулганы хугацаанд 112 хууль хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ парламентын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. 

Шинэ гишүүд тангараг өргөсний дараа хуралдсан ээлжит бус чуулганаар УИХ-ын тогтоол гарган намрын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлыг баталжээ. Уг тогтоолд дурдсанаар тусгаснаар намрын чуулганаар 112 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.  

Энэ удаагийн чуулганы хугацаанд харьцангуй олон хууль хэлэлцэхээр төлөвлөсөн. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулан өөрчлөлт оруулах ээлжээ хүлээж буй 40 орчим хууль бий. Мөн өмнөх парламентын төгсгөлд хэлэлцэж эхэлсэн ч чуулган завсарласнаар орхигдсон хуулиуд ч байгаа. Тухайлбал, Шүүхийн тухай, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай зэрэг цөөнгүй хуулийн төслүүд байгаа юм. 

Түүнчлэн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаас гадна зарим гишүүд санаачилсан хуулийн төслөө УИХ-д өргөн барихаа мэдэгдээд байсан. Тодруулбал, Б.Энхбаяр нарын гишүүд улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж, хардаж сэрдсэн бол мэдэх эрхээ эдэлснийх нь төлөө иргэнийг гүтгэсэн гэж эрүүгийн журмаар цагдаад гомдол гаргах эрхгүй гэдэг агуулгатай тайлбарыг Эрүүгийн хуульд оруулахаар хуулийн төсөл боловсруулж буйгаа ярьсан. Тиймээс хэлэлцэхээр төлөвлөсөн 112 хуулийн төсөл нэмэгдэх магадлалалтай юм. 

Намрын чуулганы хугацаанд УИХ-аар хэлэлцэх батлах хамгийн том асуудал дараа жилийн төсөв байдаг. 2021 оны Төсвийн тухай хуулийг өчигдөр өргөн барьснаар арваннэгдүгээр сарын 15-наас өмнө хэлэлцэн батлах юм.