Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск өөртөө болон гэр бүлийнхэндээ коронавирусийн эсрэг вакцин хийлгэхгүй гэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Америкийн технологийн салбарын нэртэй бизнесмэн Илон Маск коронавирусийн цар тахлын хор уршгийг үл тоодгоороо алдартай.

Тэр өчигдөр Нью Йорк Таймс сонины “Sway” подкэстэд оролцож, сэтгүүлч Кара Свайшертай ярилцахдаа энэ байр сууриа дахин илэрхийлжээ.

Маск энэ удаа ярихдаа удахгүй бэлэн болох коронавирусийн эсрэг ямар ч вакциныг өөртөө болон гэр бүлийнхэндээ хийлгэх бодолгүй байгаагаа хэлсэн байна.

Тэрбээр өмнө нь вирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагааг зогсоохыг эсэргүүцэж байсан юм.

Өчигдөр ярихдаа Маск бүх хүнийг гэрт нь хорихын оронд эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг вирусийн тархалт намжих хүртэл тусгаарласан нь илүү оновчтой арга хэмжээ гэжээ.

Ингэвэл олон хүний амь эрсдэх аюултайг сэтгүүлч сануулахад Маск “бүгд л үхдэг шүү дээ” гэж хариулсан байна.

Аль нэг ажилтан нь Covid-19 өвчнөөс сэргийлэх үүднээс ажилдаа ирэхгүй байж болох эсэхийг сэтгүүлч асуухад Маск ингэх боломжтойг хэлжээ. Гэхдээ ингэсэн ажилтанд цалин олгох эсэхийг нь асуухад тэр хариулахаас татгалзаж, тэр ч байтугай ярилцлагыг зогсоохоор сүрдүүлсэн байна.

“Кара, одоо өөр сэдвээр ярилцья. Би Covid-ын асуудлаар цааш маргамааргүй байна. Хэрвээ чи хүсвэл хоёул ярилцлагаа дуусгая” гэж Маск энэ үеэр хэлжээ.

Дараа нь тэр тэрбумтан Билл Гэйтсийн талаар таагүй зүйл ярьсан юм. Долдугаар сард Гэйтс нэг ярилцлагадаа Илон Маскыг вакцины талаар мэдлэггүй мөртлөө хамаагүй ярьдгийг шүүмжлээд сайн чаддагаараа цахилгаан автомашинаа үйлдвэрлэж, пуужингаа хөөргөөд явсан нь дээр гэж хэлж байжээ.

Гэйтсийн хэлсэн үгэнд ямар хариулт өгөхийг нь сэтгүүлч асуухад Маск “Тэнэгхэн (knucklehead) минь, үнэндээ бид таны хөрөнгө оруулсан CureVac компанийн вакцины машиныг үйлдвэрлэж, нийлүүлдэг юм шүү дээ гэж хэлмээр байна” гэж хариулсан байна.

 

Эх сурвалж: CNN