Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин өөртөө коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээр төлөвлөж байгаа тухай Кремлиэс мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг вакцин хийлгэх талаар бодож байгаа тухай Кремлийн хэвлэлийн алба өчигдөр мэдээлжээ.

“Төрийн тэргүүний хувьд мэдээж түүнд онцгой анхаарал тавих ёстой. Вакцин хийлгэх талаар бодож байгаагаа тэр бидэнд саяхан хэлсэн” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Путин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй утсаар ярьсан тухай албаны мэдээ Даваа гарагт нийтэд цацагдсаны дараа ОХУ-ын ерөнхийлөгчийг вакцинжуулах асуудал яригдаж эхэлсэн юм.

Утсаар ярихдаа Путин хэрвээ Өмнөд Солонгост айлчлах бол өмнө нь вакцин хийлгэж магадгүй тухай Мүүн Жэ Инд хэлсэн юм байна.

Дмитрий Песков өчигдөр ярихдаа одоогоор Путинд гадаад айлчлалын ямар нэг төлөвлөгөө байхгүй байгаа ч хэрвээ вакцин хийлгэвэл цаашдын ямар ч гадаад айлчлал нь илүү амар хялбар болно гэж үзэж байгаагаа хэлжээ.

ОХУ өөрийн бүтээсэн “Sputnik V” вакцины гуравдугаар шатны туршилтыг дүгнэсний дараа аравдугаар сарын сүүлээр хүн амаа вакцинжуулж эхлэх төлөвлөгөөтэй байгааг энэ долоо хоногийн эхээр мэдэгдэж байв.

Вакцины гуравдугаар буюу сүүлчийн шатны туршилтад одоогоор 40,000 сайн дурынхан хамрагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today