Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: УИХ-ын 75 гишүүн сонгуульд оролцохдоо 27.3 тэрбум төгрөг зарцуулжээ

Ч.Болортуяа
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn 2020.06.30/

Үндэсний Аудитын газраас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг гаргаад байна. 

Тайланд дурдсанаар нэр дэвшсэн 606 хүнээс зардлын тайлангаа ирүүлсэн 469 нэр дэвшигч байгаа юм. Сонгуулийн зардлын дансанд нийт 66.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 67.3 тэрбум төгрөг зарцуулж, харилцах дансанд 855.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй, 1.3 тэрбум төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр тайлагнасан байна.

Сонгуульд нэр дэвшигчдэд 836 хуулийн этгээд 11.2 тэрбум төгрөг, 22,149 иргэн 34.7 тэрбум төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өгсөн байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргоос хамааран 360.4 сая төгрөгөөс 775.5 сая төгрөгийн хооронд тогтоосон зардлын дээд хэмжээг 2 нэр дэвшигч нийт 48.8 сая төгрөгөөр хэтрүүлжээ.

Зардлын тайлангаа ирүүлсэн 469 нэр дэвшигчээс бид эхний ээлжинд тангараг өргөсөн УИХ-ын 75 гишүүний тайланг харуулж байна. 

Тангараг өргөсөн 75 гишүүний нийт сонгуулийн зарцуулалт 27.3 тэрбум төгрөг байна. Энэ нь нэг нэр дэвшигчид дунджаар 364 сая төгрөг ногдож буй дүн юм.

График 1, 

УИХ-д сонгогдсон 75 гишүүний сонгуулийн зардлаас сонирхолтой мэдээллүүдийг түүн хүргэвэл:

  • 75 гишүүний 28 нь өөрөөсөө нэг ч төгрөг гаргаагүй сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн.
     
  • 75 гишүүний 5 нь бусдаас хандив авахгүйгээр зөвхөн өөрийнхөө мөнгөөр сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлсэн. Эдгээрт А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нар байна.
     
  • Ц.Сэргэлэн, Б.Баярсайхан нар өөрөөсөө мянган төгрөг, Л.Энх-Амгалан 3,000 төгрөг гаргажээ.
     
  • Б.Саранчимэг гишүүн хамгийн их буюу 651 сая 553 мянган төгрөгийн зардал гаргасан. Ингэхдээ өөрөөсөө нэг ч төгрөг гаргаагүй, 146 иргэнээс 591 сая 553 мянган төгрөг, 3 хуулийн этгээдээс 60 сая төгрөг хандиваар цуглуулжээ.
     
  • Ж.Батсуурь гишүүн хамгийн бага буюу 100 сая 525 мянган төгрөгийн зардал гаргасан. Өөрөөсөө мөнгө гаргаагүй, 37 иргэнээс 89 сая 225 мянган төгрөг, 3 хуулийн этгээдээс 11 сая 300 мянгыг хандиваар цуглуулжээ.
     
  • 8 хүн зөвхөн иргэдийн хандивын орлогоор зардлаа санхүүжүүлсэн. Эдгээр нь Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Л.Мөнхбаатар, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар байгаа юм. Тодруулбал, Зөвхөн компанийн хандиваар зардлаа санхүүжүүлсэн нэг ч хүн байхгүй байгаа юм.
     
  • Хуулийн этгээдээс хамгийн их хандив цуглуулж сонгуульд орсон нь Л.Энх-Амгалан 370 сая, Ц.Мөнх-Оргил 365 сая, Д.Сарангэрэл 344 сая ... г.м байна.