Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Армени, Азербайжан улсуудын хооронд газар нутгийн маргаанаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн эхэллээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн өглөө Өвөр Кавказын хоёр улс болох Армени, Азербайжаны хооронд Уулын Карабахын газар нутгийн маргаанаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ.

Мөргөлдөөний улмаас цэрэг, энгийн иргэн нийлсэн 24 хүн алагдаж, 100 гаруй хүн шархдсан мэдээ ирж байна.

Армений тал дайсныхаа армийн хоёр нисдэг тэргийг буудан унагаж, гурван танкыг нь их бууны галаар устгаснаа мэдээлсэн бол Азербайжаны батлан хамгаалах яам уг мэдээллийг няцаажээ. 

Мөргөлдөөн гарах шалтгаан юу байсан нь тодорхойгүй байна. Талууд бие биенээ түрүүлж өдөөн хатгасанд буруутгажээ.

Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев өчигдөр телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ зарим мужуудад цэргийн дэглэм тогтоож байгаагаа зарласнаас гадна том хотуудад хөл хорио тогтоохыг уриалсан байна.

Тэрбээр Армений талын бөмбөгдөлтийн улмаас цэрэг, иргэний хохирол амссанаа хүлээн зөвшөөрсөн ч тодорхой тоо хэлээгүй юм. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров талуудтай холбоо тогтоож, гал зогсооход зуучлахаар ажиллаж байгааг Москвагаас мэдээлжээ.

Армений ерөнхий сайд Никол Пашинян тус улс Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх боломжтойг мэдэгдсэн байна. Хэрвээ ингэвэл Армени-Азербайжаны хооронд яриа хэлэлцээ явагдах боломжгүй болох юм.

Азербайжаны холбоотон Турк улс хатуу байр суурь илэрхийлж эхлээд байна.

Туркийн эрх баригч намын төлөөлөгч Омар Челик твиттер хуудсандаа “Армени улс Азербайжанд халдан довтолсонд бид гүнээ харамсаж байна. Армени улс дахин хууль дүрмийг зөрчиж, өдөөн хатгалга үйлдлээ. Турк улс ямагт Азербайжаны талд зогсох болно. Армени улс галаар тоглож, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна” гэж бичжээ.

Уулын Карабах нь 4,400 км.кв талбай бүхий нутаг дэвсгэр бөгөөд Армений хилээс 50 орчим километр зайтай ордшог. Энэ нутаг 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Азербайжаны хэсэг болсон ч нутгийн Армени үндэстнүүд салан тусгаарлах дайн хийж, хяналтаа тогтоогоод байгаа. 1994 оноос Уулын Карабахт гал зогсоох гэрээ үйлчилж эхэлсэн байдаг. 

Өнгөрсөн хугацаанд Армений засгийн газрын дэмжлэгтэй орон нутгийн дайчид Уулын Карабахаас гадна Азербайжаны нутаг дэвсгэрийн зарим хэсгээс эзлэн авсан юм.

АНУ-ын засгийн газар, Европын Холбооны эрх баригчид талуудыг зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож, яриа хэлэлцээний замаар маргаанаа шийдэхийг уриалжээ.

Америкийн реалити шоуны од, Армени гаралтай Ким Кардашян твиттер хуудсандаа Азербайжаны талыг зэвсэгт мөргөлдөөнд буруутгасан мэдэгдэл бичсэн байна. Тэрбээр АНУ-ыг Азербайжанд үзүүлдэг тусламжаа зогсоохыг уриалаад Азербайжаныг дэмжиж буй Турк улсад анхааруулга өгөхийг Трампын засаг захиргаанд уриалжээ.

Эх сурвалж: AFP