Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа.
“Шударга журам” медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардууллаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сайхан сэтгэлт, чин зоригт хөвгүүд Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа.
45 минутын турш үргэлжилсэн хүчтэй аадар бороо, үерийн урсгалтай тэмцэлдэн бусдын амь насыг аюулаас зайлуулахын төлөө чармайн зүтгэсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарт эр зориг, шударга зан чанарынх нь төлөө, хүүхдүүдийн амь насыг аюулаас аварсных нь төлөө талархал илэрхийлж, “Шударга журам” медаль гардуулж байгаа юм.
Хүний төлөө гэсэн сайхан сэтгэл, үерийн аюултай амь насаа үл хайхран тэмцсэн Та хоёрын эрэмгий зориг тэвчээр чинь хүн бүрт үлгэр дуурайл болж, хүндлэл төрүүлэх болно. Эрдэм номд хичээнгүйлэн суралцаж, эрдэмт багш нараасаа их зүйлийг сурч мэдэж аваарай. Эцэг эхдээ тустай, эх орондоо ачтай сайн хүмүүс болж хүмүүжээрэй. Баяр хүргэе!” гэлээ.