Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн ерөнхий сайд гадаад айлчлалынхаа үеэр бохир хувцсаа авч явж, угаалгадаг гэнэ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Израйлийн ерөнхий сайдын гэр бүл гадаад айлчлалын үеэр бохир хувцсаа авч яваад тухайн угтагч орны зардлаар угаалгадаг хачин зуршилтайг АНУ-ын Цагаан ордны ажилтан Вашингтон Пост сонинд ярьжээ.

“Гадаадын хүндтэй зочдоос ганцхан Нетаньяхугийн гэр бүл хэд хэдэн цүнхтэй бохир хувцсаа угаалгаж, цэвэрлүүлэхээр авч ирдэг. Олон удаагийн ийм тохиолдлын дараа энэ нь санаатай үйлдэл болохыг бид мэдсэн” гэж айлчлалын асуудал хариуцсан ажилтан ярьсан байна.

Энэхүү мэдээллийг Израйль улсын ерөнхий сайдын ажлын алба няцаажээ.

Гэхдээ 70 настай Бенжамин Нетаньяхутай холбоотой ийм мэдээлэл өмнө нь ч цацагдаж байсан гэнэ.

Тухайлбал 2018 онд задарсан дипломат албаны бичиг баримтад ерөнхий сайдын гэргий Сара Нетаньяху гадаад айлчлал бүрийн үеэр 4-5 цүнх бохирдсон хувцас авч явдаг тухай бичсэн байжээ.

Вашингтон дахь Израйлийн элчин сайдын яам Вашингтон Пост сонины мэдээллийг ямар ч үндэслэлгүй бөгөөд энэ нь саяхан тус улс Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират Улсуудтай харилцаагаа хэвийн болгож чадсан амжилтыг сарниулах гэсэн оролдлого гэж мэдэгдсэн байна.

Нетаньяхуг жижиг гэлтгүй ямар ч хувийн зардлаа улсын төсвөөр хаалгадаг гэх шүүмж Израйлийн олон нийтийн дунд яригддаг. Тухайлбал Нетаньяхугийн гэргий ерөнхий сайдын ордны хоолыг голон үнэтэй ресторануудаас хоол захиалахад их хэмжээний төсвийн мөнгө зарцуулсныг өнгөрсөн онд шүүх тогтоож байв.

Яг одоо Нетаньяху авлигын гурван хэрэгт шалгагдаж байгаа. Түүнийг бусдад ажил бүтээж өгснийхөө төлөө үнэтэй бэлэг сэлт авсан гэж буруутгаж байна.

 

Эх сурвалж: The Guardian