Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн алтны нөөц барагдах болж байгаа юу?

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард нэг унц алтны үнэ дэлхийн зах зээлд $2,000-ын босгыг давсан нь түүхэн дээд үзүүлэлт байлаа.

Цар тахалтай холбоотой эдийн засгийн хямрал алтны үнэ ханшийг ийнхүү өсгөсөн юм. Үүнтэй зэрэгцээд сүүлийн үед дэлхийн алтны нөөц барагдаж байгаа эсэх талаар хэлэлцүүлэг мэргэжилтнүүдийн дунд өрнөх болжээ.

Үнэхээр алт бол хэмжээ хязгаартай баялаг бөгөөд хэзээ нэг цагт олборлох алт дэлхийд үлдэхгүй болж магадгүй юм.

Өнгөрсөн онд дэлхий даяар 3,531 тонн алт олборлосон нь 2018 оныхоос 1 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Энэ нь 2008 оноос хойш анх удаа алтны жилийн олборлолтын хэмжээ буурсан тохиолдол байлаа.

Үүнээс үүдээд дэлхийн алтны нөөц барагдаж байгаа юу гэсэн асуудал яригдаж эхэлжээ.

Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар сүүлийн жилүүдэд шинэ орд илрэх нь багасаж, илэрсэн ч том хэмжээтэй биш байгаа нь алтны нөөц шавхагдаж байж болзошгүйн эхний шинж тэмдэг гэнэ.

Гэсэн хэдий ч олборлох алтны хэмжээ ойрын хэдэн арван жилдээ огцом буурахгүй, өмнөх ордуудын олборлолт үргэлжилсээр байна гэж үзэж байна.

“Олборлолтын хэмжээ өсөлтгүй болж, цаашдаа буурах магадлалтай. Гэхдээ тийм огцом буурахгүй” гэж MetalsDaily.com сайтын судлаач Росс Норман хэлжээ.

АНУ-ын геологийн хүрээлэнгийн тооцоолсноор одоо дэлхий даяар алтны 50,000 тонн батлагдсан нөөц байгаа гэнэ. Гэхдээ энэ нь олборлоход эдийн засгийн хувьд утга учиртай нөөцийн хэмжээ юм. Цаана нь олборлоход хэтэрхий өндөр зардалтай тул эдийн засгийн хувьд ач холбогдолгүй нөөц бий.

Өнөөдрийн байдлаар 190,000 орчим тонн алтыг хүн төрөлхтөн олборложээ. Эндээс харвал нийт боломжит нөөцийн 20 орчим хувь хөндөгдөөгүй байна.

Гэхдээ энэ хэмжээ цаашид нэмэгдэх боломжтой. Дээр дурдсанчлан өнөөдөртөө эдийн засгийн ач холбогдолгүй байгаа нөөцүүдийг шинэ технологи, хиймэл оюун, роботын тусламжтай олборлодог болвол нөөц нэмэгдэх ажээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн том алтны орд бол Өмнөд Африкийн БНУ-ын Witwatersrand-ийн нөөц юм. Эндээс дэлхий даяар олборлосон нийт алтны 30 орчим хувийг гаргажээ.

Өнөөдрийн байдлаар Хятад улс дэлхийн хамгийн том алт олборлогч. Дараа нь Канад, Орос,  Перу улсууд удаалдаг.

Олборлогч компаниудын хувьд АНУ-ын Nevada Gold Mines нь жилд 3.5 сая унц алт олборлодог, дэлхийн хамгийн том алтны компани ажээ.

Одоогоор дэлхий дахинд хэрэгжиж байгаа нийт уул уурхайн олборлолтын 60 хувь нь хөрсний гадаргад явагдаж байна. Харин газрын гүнд байгаа баялгийг олборлоход зардал өснө.

Гэхдээ алтны нөөц зөвхөн газрын гүнд байдаггүй. Олборлох, тээвэрлэх зардал маш өндөр ч саран дээр хүртэл бий. Антарктид тивд бас алтны орд байдаг ч хатуу ширүүн уур амьсгалын улмаас олборлоход эдийн засгийн ач холбогдолгүй байгаа юм.

Мөн далай тэнгисийн ёроолд ч алтны нөөцүүд байдаг. Гэхдээ алт нь газрын тосноос ялгаатай нь дахин ашиглагдаж болдог нөөц.

Тиймээс хүн төрөлхтөн олборлохоо зогсоосон ч алтгүй болно гэж байхгүй. Тухайлбал электроникийн үйлдвэрлэлд асар их хэмжээний алт ашигладаг бөгөөд гар утас зэрэг ашиглалтаас гарсан төхөөрөмжүүдээс алт гаргаж авах янз бүрийн технологийг хүмүүс судалж, хөгжүүлсээр байна.

 

Эх сурвалж: BBC