Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид оюуны өмчийн зөрчил гаргасан телевизийн эфирийг дамжуулахгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын олон суваг дамжуулагчдын холбоо өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэ үеэр Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх Олон суваг дамжуулагчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

"Санамж бичиг нь Оюуны өмчийн тухай хуулийг сурталчлах, зохиогчийн эрхтэй холбоотой зөрчлөөс сэргийлэх зорилготой"

Тэрбээр уг санамж бичгийн талаар хэлэхдээ "Энэхүү санамж бичиг нь олон суваг дамжуулах эрхлэгчид өөрсдийн дамжиж буй телевиз, сувгуудын үйл ажиллагаанд оюуны өмчийг дээдлэх, Оюуны өмчийн тухай хуулийг сурталчлах болон зохиогчийн эрхтэй холбоотой зөрчлийг гаргахгүй байх зорилготой.

Энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Оюуны өмчийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжихээс өмнө Олон суваг дамжуулах холбоотой ийнхүү хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдол дагуулна” гэв.

Талууд, Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн телевизүүдийн нэвтрүүлж буй контентуудад хяналт тавьж, ямар нэ оюуны өмчийн зөрчил, дутагдал илэрвэл Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зөрчил гаргасан телевизүүдийн эфирийг дамжуулахгүй байх, үйлчилгээний хөлсийг төлөхгүй байх зэрэг хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг хамтран явуулах аж.
 

"Телевизүүд оюуны өмчийн зөвшөөрөлгүй, зохиогчийн эрхгүй контент дамжуулах зөрчил цөөнгүй гаргадаг"

Энэ тухай Олон суваг дамжуулагчдын холбооны гишүүн Ц.Пүрэвням “Олон суваг дамжуулагчдын холбоо оюуны өмчийг хамгаалах, оюуны өмчтэй холбоотой асуудлууд дээр нэгдсэн бодлого байр суурьтайгаар үйл ажиллагаа явуулах ажил өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэллээ гэж үзэж байна.

Учир нь телевизүүд оюуны өмчийн зөвшөөрөлгүй, зохиогчийн эрхгүй контентууд дамжуулах зөрчил цөөнгүй гаргадаг. 

Харин өнөөдрийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд, олон суваг дамжуулагчаар дамжин үзэгчдэд хүрч буй телевизүүд оюуны өмчийн зөвшөөрөлгүй контент нэвтрүүлсэн тохиолдолд хуулийн хүрээнд хяналт тавьж, арга хэмжээ авах нэгдсэн шугамт үйл ажиллагаа явуулах юм.

Цаашид Оюуны өмчийн газар болон Олон суваг дамжуулагчдын холбоо хэрэглэгчдэд оюуны өмчийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалт, танин мэдэхүйн үйл ажиллагааг хамтран зохион байгуулна” гэлээ.

Олог суваг дамжуулагчдын холбоо нь 2019 онд байгуулагдаж, энэ жилээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй.

Улсын хэмжээнд 20 гаруй, Улаанбаатар хотын хэмжээнд найман олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрээс одоогоор зургаан байгууллага нь тус холбоонд элсээд байгаа аж.

"Олон суваг дамжуулагчид оюуны өмчийн зөрчил гаргасан телевизийн эфирийг дамжуулахгүй байх арга хэмжээ авна"

Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Санамж бичгийн хүрээнд, Олон суваг дамжуулагчдын холбоо зөрчил гаргаж байгаа телевизүүдийн эфирийг дамжуулахгүй байх үүрэг хүлээж байгаа бол Оюуны өмчийн газар Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан тогтоолын дагуу, Оюуны өмчийн байцаагчийн дүгнэлтээр зөрчил гаргаж байгаа телевизүүдийг мэдээлэх үүрэг хүлээж байна.

Өнөөдөр Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Дээрх хоёр хуулийн хүрээнд телевизүүдийн контент болон зохиогчийн эрхтэй холбоотой зөрчлийг зохицуулдаг.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд, Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн зохиогчийн эрхийн зөрчил гаргаж байгаа телевизүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, эрхийг нь түдгэлзүүлэх тухай заасан байдаг.

Уг хуулийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос холбогдох тогтоол ч гараад эхэлсэн. 

Тухайлбал, долдугаар сард Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсээс Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт төлөвлөгөөт шалгалт хийхэд 10 телевиз зөрчилтэй болох нь тогтоогдсон учир үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх тухай Харилцаа холбооны зохицуулах газрын тогтоол гарсан.

Уг тогтоолын дагуу олон суваг дамжуулагчид тухайн зөрчил гаргасан буюу эрх нь түдгэлзсэн телевизийн эфирийг дамжуулахгүй байх арга хэмжээ авах ёстой. Үүнийг түргэвчлэх, харилцан ойлголцох үүднээс өнөөдрийн санамж бичгийг байгуулж байна” хэмээн хэллээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.