Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Европ тивд коронавирусийн халдвар эрчимжиж эхэлснийг ДЭМБ анхаарууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Европ тив даяар коронавирусийн халдвар эрчимжиж эхэлсэн нь “ноцтой дохио” болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын бүсийн захирал анхааруулжээ.

Тодруулбал сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд энэ тивийн орнуудын талаас илүү хэсэгт шинэ халдварын тохиолдлын тоо хоёр дахин өссөнийг тус байгууллагын Европыг хариуцсан захирал Ханс Клюге өчигдөр Копенгаген хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Өчигдрийн байдлаар дэлхий даяар батлагдсан халдварын тохиолдлын тоо 30 саяд ойртож, 942,000 хүн нас бараад байв.

Зөвхөн өнгөрсөн нэг долоо хоногт Европ даяар 300,000 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь анх цар тахал эхэлсэн гуравдугаар сарын үзүүлэлтийг давсан байна.

Энэ удаагийн давалгаанд залуу хүмүүс илүү их өртөж байгаа тул нас баралтын тоо, эмнэлгийн ачаалал нь халдварын тохиолдолтой ижил түвшинд өсөхгүй байгаа ажээ.

Гэхдээ халдвар авсан залуу үеийнхэн вирусийг өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг эмзэг давхаргынханд тараах аюул нүүрлээд байгааг Клюге анхааруулсан байна.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Европ тивд нийт таван сая халдварын тохиолдол бүртгэгдэж, 228,000 хүн нас баржээ.

Энэ удаагийн давалгаанд халдварын өсөлтөөр Испани, Франц улсууд тэргүүлж байна.

Тухайлбал Пүрэв гарагт Франц улсад 10,593 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

 

Эх сурвалж: BBC