Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ёшихидэ Сүга Япон улсын дараагийн ерөнхий сайд болох замаа заслаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзогийн шадар хүн Ёшихидэ Сүга өчигдөр эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын сонгуульд ялалт байгуулснаар дэлхийн гурав дахь том эдийн засагтай орны шинэ ерөнхий сайд болох замаа заслаа.

71 настай Сүга намынхаа нийт 534 төлөөлөгчийн 377-ынх нь дэмжлэгийг авсан байна. Түүнтэй өрсөлдсөн батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэрү 68, гадаад хэргийн сайд асан Кишида Фумио 89 санал тус тус авжээ.

Сүга нь 2012 оноос хойш Абэгийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж,   

дэлхий дахинд Япон улсын нүүр царай болон танигдсан юм.

Одоогийн ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн сарын сүүлээр эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа буух болсныг зарлаж байв.

Намын дотоод сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Ёшихидэ Сүга “Би Акитагийн тариачны ууган хүү болж мэндэлсэн хүн. Улс төрийн ямар ч мэдлэггүй, ураг төрлийн холбоогүй би бүхнийг тэгээс эхлэн явсаар өнөөдөр Либерал Ардчилсан Намын дарга болж байна. Би өөрийгөө бүхэлд нь Япон улс, түүний ард түмний төлөө зориулах болно” гэж мэдэгджээ.

Ажиглагчид Сүгаг өмнөх ерөнхий сайдын бодлогыг хэвээр үргэлжлүүлэх хүн гэж дүгнэж байна.

Тэрбээр коронавирусийн цар тахлын нөлөөгөөр хямарсан эдийн засгаа сэргээж, хойшлогдсон Токио 2020 олимпийн наадмыг амжилттай зохион байгуулах чухал үүрэг хүлээж байна.

Гадаад бодлогын хувьд АНУ-тай үүсгэсэн холбоотны харилцаагаа хадгалж үлдэхийн зэрэгцээ Хятад улстай харилцах харилцаандаа тэнцвэрийг хадгалах зэрэг хүнд сорилтууд түүнийг хүлээж байгаа.

1970, 1980-аад оны үед Умард Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдэж чадаагүй Абэгийн ажлыг Сүга үргэлжлүүлэхээр болж байна.

Либерал Ардчилсан Намын ихэнх консерватив улс төрчдөөс ялгаатай нь тэр Акита мужийн хөдөө нутагт гүзээлзгэний аж ахуй эрхэлдэг энгийн фермерийн гэрт мэндэлжээ.

Дунд сургууль төгссөний дараа Токиод ирж, ажил хийхийн хажуугаар коллежид суралцаж төгссөн байна. Сүга 1987 онд Йокохама хотын иргэдийн төлөөлөгчдийн хуралд анх сонгогдож, улс төрийн замналаа эхэлжээ.

1996 онд тэр парламентын доод танхимын гишүүн болж, Абэ Шинзогийн үнэнч холбоотон болсон байна.

Абэ 2012 онд хоёр дахь удаагаа Япон улсын ерөнхий сайд болсныхоо дараа Сүгаг танхимынхаа нарийн бичгийн даргаар томилжээ. Ажиглагчид түүнийг прагматик бодлоготой, Либерал Ардчилсан Намын улс төрчдийн дунд төвийг сахисан байр суурьтай хүн гэж үздэг.

 

Эх сурвалж: Reuters