Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ-аас БНХАУ-ын ард иргэд, удирдагчдад хандан уриалга гаргажээ

ikon.mn
2020 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ-аас хорин нэгдүгээр зууны соёлт хүмүүн төрөлхтний салшгүй хэсэг болсон БНХАУ-ын ард иргэд, тэдний удирдагчдад хандан уриалга гаргажээ.

Уриалгад:

Өнө эртний түүхтэй нүүдэлчин Монгол үндэстний салшгүй хэсэг болсон Монголчууд Их Эзэн Хааныхаа зарлигаар болон хувь заяаны дуудлагаар даян дэлхийд тархан суурьшиж амьдардаг. Даяар Монголын ариун голомт болсон Монгол Улс орчин үе, нүүдлийн соёл иргэншлийг хослуулан хөгжихдөө, үндэсний өв соёлоо үеийн үед хадгалан үлдсэн бөгөөд хэзээнээс нааш хүмүүний олон шашин, олон хэл, соёлыг хүндэтгэж хүлээн зөвшөөрч ирсэн нь бахархалтай.

Ойрмогхон бидний ахан дүүс Өвөрмонголчуудын эх Монгол хэлээрээ сурах, боловсрох эрхийг нь хаан боогдуулах үйл ажиллагаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зарим нутаг дэвсгэрт гарч, хүүхдийн нулимс, эхийн сэтгэл шаналсанд элгэн садан Монголчуудын сэтгэл хамт зовниж байна.

Монгол сэтгэлгээнд “Монголын за андгаар буй за” хэмээх хэллэг бий. Энэ нь их хүмүүний үг андгай мэт үнэн, тууштай бөгөөд үзэл санаа эрхэмсэг бат байхын утгатай. Энэ нь гагцхүү Монгол хүний төдийгүй дорнын хүний гүн ухаанч, дотоод хүчирхэг мөн чанарыг илтгэх бөлгөө.

БНХАУ-ын дарга Си Зиньпины 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хэлсэн үгийг энд гүн хүндэтгэлтэйгээр эш татаж байна:

"Хүн төрөлхтөн арьсны өнгө, хэл яриагаар ялгагддаг. Соёл иргэншлүүд өнгө хэлбэрийн хувьд л өөр байдаг. Харин дээр дор, сайн муугийн ялгаа зааг гээч зүйл үгүй юм. Өөрийн уг гарвааль, соёлыг бусдаас илүү хэмээн үзэж, бусдын соёлыг өөрчлөхөөр мугуйдлах, тэр ч байтугай өөрийн соёлоор орлуулах гэвэл ухамсрын төвшинд тэнэг, үйл ажиллагааны тал дээр гамшиг дагуулах бөлгөө. Хэрвээ хүн төрөлхтний соёл нэгэн өнгө загвартай болон хувирах бөгөөс дэлхий ертөнц маань дэндүү нэгэн хэвийн уйтгартай болон хувирах бус уу."

Үндэсний цөөнхийн эх хэл соёлоороо сургалт, эрдэм, соёлын үйл ажиллагаа явуулах эрхийн талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан тунхаглал, зарчмууд, энэ чиглэлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэгдэн орсон баримт бичгүүдийг Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улсын удирдагчдад эш татан сануулах нь илүүц бизээ.

Өдгөө Монгол Улсад ч Хятад хэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиуд цөөн боловч бий бөгөөд тэнд Хятад хүүхдүүд өөрийн эх хэлийг ямарваа саад хязгаарлалтгүйгээр сурч, хүүхдийн инээд хөөр цалгиж байдаг.

“Хариуцлагатай Хятад Улс”-ын үг, үйлдэл хүн төрөлхтөнд бүхий л талаар үлгэр жишээ болох тул бидний элэг нэгт Өвөрмонголчуудын маань эх хэлээрээ сурах, боловсрох эрхийг хүндэтгэн, хангахыг Хорин нэгдүгээр зууны соёлт хүмүүн төрөлхтний салшгүй хэсэг болсон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ард иргэд, тэдний удирдагчдад уриалж байна гэжээ.

 

14.09.2020