Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн ерөнхий сайд ОХУ-ын ерөнхий сайдтай уулзахдаа коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Беларусь улсын ерөнхий сайд Роман Головченко өнгөрсөн долоо хоногт ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг өөртөө хийлгэсэн тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Александра Исаева өчигдөр мэдээлжээ.

“Пүрэв гарагт ОХУ-ын ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа манай ерөнхий сайд вакцин хийлгэсэн. Түүний бие одоогоор сайн байна” гэж Исаева сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин өнгөрсөн долоо хоногт Беларусь улсад айлчилсан юм.

Минск хотод ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзах үеэрээ Мишустин “Роман Александрович Головченко өнөөдөр вакцин хийлгэх шийдвэр гаргасанд би баяртай байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн юм.

ОХУ-ын Гамалейн хүрээлэнд бүтээсэн “Sputnik V” вакциныг хамгийн түрүүнд хүлээж авах орнуудын тоонд Беларусь орсныг ерөнхийлөгч Лукашенко өмнө нь мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: ТАСС