Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Mulan” киноны зургийг Шинжаанд авсныхаа төлөө Дисней компани шүүмжлүүлж байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт стриминг сүлжээнд нээлтээ хийсэн Дисней компанийн “Mulan” кино улс төрийн маргаанд хутгалдсаар байна.

Киноны гол дүр Муланд тоглосон Хятадын жүжигчин Лю Ифэй сошиал сүлжээнд Хонг Конгийн цагдаа нарыг дэмжиж байгаагаа илэрхийлсний төлөө тэмцэгчдэд шүүмжлүүлж, киног нь бойкотлох хөдөлгөөн өрнөж байсан удаатай.

Тэгвэл дэлгэцэнд гараад удаагүй энэхүү киноны зарим зургийг Шинжаанд авсныг үзэгчид илрүүлсэн нь Дисней компанийг шүүмжлэх бас нэг шалтгаан болсон байна.

Киноны төгсгөлд Дисней компани зураг авахад дэмжлэг үзүүлсэн Шинжаан-Уйгарын засаг захиргааны найман байгууллагад талархал илэрхийлжээ.

Тэдгээрийн дотор зүүн Шинжааны Турпан хотын нийгмийг аюулаас хамгаалах газар багтсан байна. Уг хотод муслим иргэдэд улс төрийн дахин боловсрол олгох төвүүд байрладаг гэсэн мэдээлэл бий.

Үүнээс гадна Дисней компани Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орны коммунист намын хороонд талархал илэрхийлжээ.

Хятад улс нь сүүлийн жилүүдэд Шинжаанд нэг сая орчим үндэсний цөөнхийн иргэдийг улс төрийн боловсрол олгох нэрээр тусгай төвүүдэд хорьж цагдаж, хүний эрхийг зөрчиж буй гэсэн мэдээлэл бий. Үүний улмаас Бээжингийн эрх баригчид олон улсын зүгээс дарамт шахалтад ороод байгаа.

Эх сурвалжуудын мэдээлснээр “Mulan” киноны зургийг Хятадын 20 газар нутагт авсны дотор Шинжааны Минша цөл, Турпанаас зүүн зүгт оршдог баянбүрд зэрэг газрууд багтаж байгаа гэнэ.

Кинонд өнөөдрийн Монгол улсын газар нутагт оршиж байсан Руран нүүдэлчин аймгийн дайчид Хятадын баруун хойд бүс нутагт халдан довтолж байгааг үзүүлсэн зураглалыг Шинжаанд авсан ажээ.

Тэмцэгчдийн “Mulan” киног бойкотлох хөдөлгөөн одоо Шинжааны асуудалд анхаарлаа хандуулсан байна. Хонг Конгийн ардчилсан хөдөлгөөний удирдагч Жошуа Вонг энэ талаар твиттер хуудсандаа мэдээлж, Диснейн шинэ бүтээлийг үзэхгүй байхыг хүмүүст уриалжээ.

Эх сурвалж: The Guardian