Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Монгол Улсын гадаад өр $30 тэрбум үүнээс $18 гаруй нь ААН-үүдийнх. Тэд өрөө төлж чадахгүй бол төрийн зохицуулалт зайлшгүй орно

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх есдүгээр сарын 7-ны өдөр буюу өнөөдөр Гадаад харилцааны яаманд ажиллаж, яамны хамт олонтой уулзсан билээ. 

Ингэхдээ Засгийн газрын тавьж буй зорилт, төрийн албан хаагчид, түүний дотор төрийн тусгай албанд ажиллаж буй дипломат албаны ажилтнуудын өмнө тавигдаж буй шаардлагын талаар ярьж, албан хаагчид ажлаа ёс төртэй, хариуцлагатай гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өгч ажилласан 

Гадаадад гарчихаад янз янзын олон ургалч үзэл ярьж болохгүй

Тодруулбал, уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Манай улсын гадаад харилцаа, гадаад бодлого нэг л цонхтой байна. Гадаадад гарчихаад янз янзын олон ургалч үзэл ярьж болохгүй.  УИХ-ын гишүүд нь ч тэр,  сайд дарга нар нь ч тэр,  аймаг орон нутгийн удирдлагууд болон иргэд ч тэр нэг л амаар ярьж, нэг л бодлого баримтална. Үүнийг хатуу зааж хэлж, сургаж өг" хэмээн тус яамныханд үүрэг болгов.

Хувийн компанийн тавьсан өрийг хожим компани нь төлж чадахгүй бол хэн төлөх вэ?

Тэрбээр үргэлжлүүлэн “Монгол Улсын гадаад өр 30 тэрбум ам.доллар болсон. Тухайлбал,

  • Засгийн газрын өр 7.2 тэрбум ам.доллар,
  • Монгол банкны өр 2 тэрбум ам.доллар,  
  • Арилжааны банкуудын өр 2.2 ам.доллар
  • ААН, компаниудын зээл 18.7 тэрбум ам.доллар байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын гадаад өрийн ихэнхийг ААН, компаниуд тавьсан байгаа юм. Иймд төрийн зохицуулалт зайлшгүй орох ёстой. Төр улс орныхоо амьдралыг зайлшгүй мэдэж байх ёстой. Тэр хувийн компанийн тавьсан өрийг хожим компани нь төлж чадахгүй бол хэн төлөх үү?  

Ард түмэн төлнө. Бидний баялагаар төлөгдөнө. Тэр ордоор төлөгдөнө. Цаашдаа энэ ААН, компаниудын гадаадаас авч байгаа зээл, төлбөрүүд дээр  Гадаад харилцааны яам буюу төр засаг зайлшгүй анхаарал тавьж, ажиллах ёстой.

УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, орон нутгийн гадаад бодлого бүгд нэг байх ёстой.

Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын хөгжил дэвшил, гадаад нэр хүндтэй шууд холбоотой” гэв.