Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Улсын цэцэрлэгийн үйлчилгээ нь ээж, аавын цагийн цалинг 6%-аар өсгөдөг

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын эмэгтэйчүүдийн, ялангуяа Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо буурсаар байгаа МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн судалгааны багийнхан онцолж байна.

Учир нь тус судалгааны багийнхан 2017-2020 оны хооронд 4,000 гаруй өрхийг гурван удаагийн түүвэр судалгаанд хамруул, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө” хэмээх судалгааны төслийг хийсэн бөгөөд өнөөдөр судалгаанаас гарсан үр дүнг товч танилцуулсан юм.

"Хоёр хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн ажиллах хүчинд оролцохгүй байгаа хамгийн гол шалтгаан нь хүүхдийн асаргаа юм"

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэг "Хүүхэд төрүүлэх, асрах нь эмэгтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг бууруулдаг гол хүчин зүйл. Тухайлбал, 25-39 насны хүн амын дунд ажиллах хүчний оролцооны хүйсийн ялгаа хамгийн их байна.

Хөдөлмөрийн насны бүх эмэгтэйчүүдийн хувьд хүүхдийн асаргаа нь тэтгэвэрт гарсан болон суралцдаг гэсэн шалтгаануудын дараагаар ажиллах хүчинд оролцохгүй байх гурав дахь гол шалтгаан болдог.

Харин хоёр хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн ажиллах хүчинд оролцохгүй байгаа хамгийн гол шалтгаан нь хүүхдийн асаргаа юм. Иймд судалгааг хийх болсон шалтгаан нь улсын цэцэрлэгийн үйлчилгээ нь эцэг эхийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд үзүүлэх нөлөөг судлах явдал болсон юм. 

Судалгааны үр дүнд улсын цэцэрлэгийн хөтөлбөр нь эцэг эхийн ажил эрхлэлт, орлогыг дэмжих үр дүнтэй хэрэгсэл болохыг харууллаа.

Мөн судалгаа нь хязгаарлагдмал орон тоог шударга хуваарилах арга зам хэдий ч, олон тооны хяналтын бүлгийн хүүхдүүд улсын цэцэрлэгт орсон нь бага насны хүүхдүүдийн боломж тэгш бус байгааг харуулж байна” хэмээв.

Түүнчлэн судалгаанаас ажиглагдсан нэг зүйл нь элсэлтийн эхний жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн өвчлөх магадлал өндөр байжээ. Иймд эхний жилд өвчлөл өндөр байгаа шалтгааныг цаашид нарийн судлах шаардлагатайг судалгааны багийнхан онцолсон юм. Тодруулбал,

  • Ханиад томууны тохиолдол 9.5 %-аар өссөн
  • Эмнэлэгт үзүүлсэн тоо 15.5 %-аар өссөн
  • Халдварт өвчний тохиолдол 33%-аар өссөн (хяналтын бүлгийн дундаж тохиолдол 0.11-тэй харьцуулснаар)
  • Эмчилгээ, эм уух давтамж 37%-аар өссөн (хяналтын бүлгийн дундаж болох 7%-тай харьцуулснаар) байна.

Мөн улсын цэцэрлэгийн үйлчилгээ нь эцэг эхийн ажил эрхлэлт болон цалинд богино хугацаанд эерэг нөлөөтэй байна гэж тус судалгааны багийнхан үзжээ. Тухайлбал,

  • Ээжийн тухайн үеийн ажил эрхлэлтийг 8.3 хувиар, харин аавынхыг 2.9 хувиар өсгөдөг
  • Ээжийн тухайн үеийн болон өмнөх нэг жилийн хугацааны ажил эрхлэлтийг 10.5 хувиар, харин аавынхыг 1.8 хувиар өсгөдөг
  • Ээж, аавын цагийн цалинг 6 хувиар өсгөдөг 
 
Гэрэл зургийг mpa.mn

Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогч хүүхдүүдийн аавуудын хөдөлмөр эрхлэлт нэлээд өндөр буюу 86.4% байдаг бөгөөд цэцэрлэгт хүүхэд нь хамрагдсанаар хөдөлмөр эрхлэлт нь улам нэмэгддэг гэдгийг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Соёлмаа хэлсэн билээ. 

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимээс энэ сарын 10-ны өдөр “Нөлөөллийн үнэлгээний Монгол Улсын туршлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар болжээ. Уг хурлаар дээрх  судалгааны эцсийн тайланг хэлэлцүүлэх аж.

Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн судалгааны баг, БШУЯ, Нийслэлийн боловсролын газар болон Боловсролын хүрээлэнтэй хамтран дээрх судалгааны төслийг хийжээ.