Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Стив Жобс агсны бэлэвсэн гэргийг Дональд Трамп “дарамтлав”

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт “The Atlantic” сэтгүүлд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп америкийн дайнд оролцсон ахмад дайчдыг хэл амаар доромжилж байсан тухай баримт нийтлэгдсэн юм.

Трамп хаалттай хаалганы цаана ярихдаа дайнд амь үрэгдсэн цэргүүдийг “азгүйчүүд”, “арчаагүй дорой амьтад” гэх зэргээр ярьсныг эх сурвалж баталжээ. Мөн АНУ-ын армийн парадад дайнд шархдсан ахмад дайчдыг оролцуулалгүй хасах санаа гаргаж байсныг бичсэн байна.

Сэтгүүлийн нийтлэлд өгүүлсэн зарим баримтыг бусад хэвлэлүүд баталсан юм.

“The Atlantic” сэтгүүлийн ихэнх хувийг “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын бэлэвсэн гэргий Лорен Пауэл Жобс эзэмшдэг юм байна.

Ням гарагт Трамп твиттер хуудсандаа “Стив Жобс өөрийнх нь үлдээсэн мөнгийг эхнэр нь хэт зүүний үзэлтэй, үл бүтэх этгээдийн эрхлэн гаргадаг сэтгүүлд зарцуулж, хуурамч мэдээ мэдээлэл тарааж байгааг харвал баярлахгүй нь тодорхой!” гэж бичжээ.

Лорен Пауэл Жобс 2011 онд нас барсан нөхрөөсөө Apple, Disney компаниудын олон тэрбумын үнэтэй хувьцааг өвлөж авсан юм. Тэрбээр боловсрол, цагаачлал, байгаль орчин, хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн чиглэлд ажилладаг “The Emerson Collective” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, санхүүжүүлдэг.

2017 онд тус байгууллага “The Atlantic” сэтгүүлийн дийлэнх хувийг худалдаж авч байжээ.

Блүүмбэрг агентлаг Лорен Пауэл Жобсын хөрөнгийн хэмжээг $33.3 тэрбум гэж тооцоолсон нь дэлхийд зургаад орох баян эмэгтэй гэсэн үг юм.

“The Atlantic” сэтгүүлд гарсан нийтлэлийн дараа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трамптай өрсөлдөж буй Жо Байден “Миний та бүхэнд өгөх амлалт: Хэрвээ би АНУ-ын зэвсэгт хүчний дараагийн ерөнхий командлагч болох юм бол Америкийн баатруудын байгуулсан гавьяаг үргэлж хүндлэн дээдлэх болно” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN