Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Хангай: Оросоос Хятад руу нийлүүлэх хийн хэмжээг 130 тэрбум шоо метрт хүргэхээр ярилцаж байгааг "Газпром"-ын удирдлага ярьсан

Б.Бат, Өдрийн сонин
2020 оны 9 сарын 7
Өдрийн сонин
 

ОХУ-аас БНХАУ-руу Монголын нутгаар дамжуулан хий нийлүүлэх хоолой барих асуудлаар саяхан манай Засгийн газрын ажлын хэсгийнхэн Оросын “Газпром” НХН-ийн удирдлагатай хамтран цахим хурал хийж ажлынхаа явц, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тохиролцсоны дээр тодорхой баримт бичигт ч гарын үсэг зурсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Л.Хангайтай ярилцлаа.

-Хэдэн өдрийн өмнө Шадар сайд Л.Содбаатар тэргүүтэй Засгийн газрын ажлын хэсгийнхэн ОХУ-ын “Газпром” НХН-ийн удирдлагатай хамтарсан цахим хурал хийсэн тухай мэдээ цацагдлаа. Хоёулаа ярилцлагаа үүнээс эхлэх үү?

-Энэ цахим хурлыг ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах хоолой манай улсын нутаг дээгүүр баригдах төслийн ажил бодит биеллээ олоход чиглэгдсэн чухал алхам гэж хэлж болно. Хуралд Оросын талыг “Газпром" НХН-ийн дарга А.Миллер даргалж, манай Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн нь түүнд аль аль тал нь ихээхэн ач холбогдол өгч байгааг харууллаа.

-Уг хурлаар ямар асуудал хэлэлцэж, ямар тохироонд хүрсэн бэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурснаас хойших хугацаанд хоёр тал хийсэн ажлаа танилцуулж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тохирсон. Үүнээс гадна хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах тусгай зориулалтын компани байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Тэгэхээр тусгай зориулалтын компани байгуулах ямар шаардлагатай юм бэ гэдэг талаар товч тайлбар хийе. Олон улсын практикт томоохон төсөл эхлүүлэхдээ тодорхой төсөл хэрэгжүүлэх, хэлцэлд зээлдэгчээр оролцох, актив хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг хуваалцах гэх мэт зорилгоор тусгай зориулалтын компани (Special Purpose Vehicle, SPV) байгуулдаг юм билээ. Мэдээнд хоёр тал хамтран компани байгуулна гэжээ.

Ийм компанийг байгуулахад ер нь хамтрах шаардлагатай эсэх, хэрэв хамтрах болбол ямар хувь хэмжээгээр гэдгийг сайтар бодох хэрэгтэй.

-Цахим хурал болсон тухай мэдээнд “Газпром” НХН болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хооронд нууцлалын гэрээ байгуулахаар болов гэсэн байсан. Энэ ямар учиртай юм бол?

-Тийм байна лээ. Хоёр компанийн хооронд нууцлах зүйл байна гэж үзвэл ийм гэрээ мэдээж байгуулж таарна. Компаниудын л хоорондын асуудал шүү дээ.

-Манайхаар дайрах хийн хоолойг барих асуудлыг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцах болсон гэж ойлгож болох уу?

-Засгийн газар энэ асуудлыг “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулахаар шийдвэр гаргасан. Энэ бол маш зөв.

Оросын талаас хий худалдах “Газпром”, Хятадын талаас хий худалдан авах CNPC гэдэг дэлхийн хэмжээний хоёр аварга компанитай Монголын хамгийн том компани л хэлэлцээ хийх нь зохимжтой.

“Эрдэнэс Монгол” компани нь томоохон төсөл боловсруулж гадаадын хөрөнгө оруулалт татах зорилготой бөгөөд шууд Засгийн газарт харьяалагддаг. Гадаадын туршлагаас ч харсан ийм бизнес төслийг ямар нэгэн яам, агентлаг хэрэгжүүлдэггүй. Төр, засаг харин зохих эрх зүйн орчинг бүрдүүлж, шаардлагатай норм, нормативуудыг баталж өгдөг. Ийм том ажилд мэдээж төр, засгийн зүгээс янз бүрийн дэмжлэг хэрэгтэй болно. Харин төр, засаг тухай бүр нь цаг алдалгүй асуудлуудыг нь шийдвэрлэж байх юм бол ажил саадгүй явна.

-Манайхаар дайран өнгөрөх энэхүү хийн хоолойг яаж санхүүжүүлж, хэн барих юм бэ?

-Энэ бол хамгийн чухал асуудал. Юуны өмнө бусад орны туршлагыг судлах хэрэгтэй. Манайхан Украиныг жишээ болгон их ярьдаг. Тэдний нутгаар дайрах хийн хоолойг Украин болон ОХУ хамтдаа нэг улс байх үед буюу ЗХУ-ын үед баригдсан тул тэдний хооронд өмчлөл, үнэ тарифаас эхлээд маргаан тасардаггүй. Гэтэл дэлхий дээр бас өөр туршлага бишгүй бий. Жишээ хэлье л дээ. Тунис улс Алжираас өөрийн нутгаар дамжуулан Итали улсад хий нийлүүлэх хоолойтой. Тунисын нутгаар өнгөрөх хий дамжуулах хоолой барих зардлыг Италийн тал гаргасан. Уг хоолой ашиглалтад орсноос хойш 25 жилийн дараа Тунисын мэдэлд бүрэн шилжих нөхцөлтэй. Хоолойн ашиглалтыг Тунис-Италийн хамтарсан компани хариуцдаг. Нутаг дэвсгэрээ ашиглуулсны төлбөрт дамжуулсан хийн тодорхой хувьтай тэнцэх транзитын төлбөр (Т ransit Fee) авдаг. Энэ нь дамжуулсан хийн таван хувьтай тэнцдэг юм байна.

Словак улс нутаг дэвсгэр дээгүүрээ өнгөрөх хий дамжуулах хоолойг өөрөө санхүүжүүлэн барьж хоолойн ашиглалттай холбоотой бүх зардлыг хариуцдаг. Уг хоолойгоор хий тээвэрлэсний төлбөр (Transportation Fee) авч түүнээсээ хоолой барьж байгуулах, ашиглахтай холбогдох зардлаа нөхөөд одоо ашгаа авдаг юм байна.

Балтын тэнгисийн ёроолоор тавигдсан Nord Stream хоолой байна. Түүнийг Оросын “Газпром” (51%), Германы Wintershall (15.5%) болон E.ONRuhrgas (15.54%), Голландын Gasu-nie (9%), Францын GDF Suez (9%) компаниудын хамтран байгуулсан олон улсын Nord stream AG компани эзэмшдэг.

Монголын нутгаар дайран өнгөрөх хийн хоолойг оросууд барих сонирхолтой байдаг.

Мөн гурван талын хамтарсан компани байгуулаад гадаадын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл аваад ажиллах боломжтой. Манайхан Орос, Хятадын талтай хэлэлцээ хийхээсээ өмнө энэ мэт туршлага, боломж, хувилбаруудыг судалж өөрсдийн байр сууриа боловсруулах байх. Монголын нутгаар дайран өнгөрөх хийн хоолойг оросууд барих сонирхолтой байдаг. Энэ нь бас аргагүй. Яагаад гэвэл нэгдүгээрт, хятадууд хийгээ өөрийн хил дээр буюу Монгол-Хятадын хилийн нөхцөлөөр авна гээд байгаа. Нөгөө талаар өнгөрсөн оны 12 дугаар сард “Сибирийн хүч-1 ” хоолойг барьж дуусгаад ашиглалтад өгсөн Оросын компаниуд /олон мянган ажилчин, өндөр үнэтэй тусгай зориулалтын хэдэн мянган техниктэй/, дээр нь хий дамжуулах ган хоолой хийдэг үйлдвэрүүдээ ажилтай болгох хэрэгтэй. Гэтэл бас Хятадын компаниуд манайхаар өнгөрөх хоолой барих ажилд оролцох сонирхолтой байна. Тэдэнд ийм хүч, бололцоо бий гэдэгт эргэлзэх зүйл байхгүй л дээ. Монголын компаниудад хийж гүйцэтгэх ажил мундахгүй гэж бодож байна. Гадаадын компаниуд ирж ажиллалаа ч гэсэн нарийн мэргэжлийнхээс бусад ажилчдаа манайхаас авч таарна. Хийн хоолойг барих ажлаас болон хоолой тавигдсанаас хойш манайхны хүртэх унац, ашгийн талаар өмнө нь олон удаа бичсэн тул энд давтан яриад хэрэггүй биз.

-Энэ төсөлд хэдэн долларын хөрөнгө оруулалт шаардлагатай вэ. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайд байхдаа Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх 1,100 км урттай хийн хоолойг барихад 4-6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж ярьж, бичсэн байдаг. Сүүлийн үед хэвлэлд гарч байгаа материалуудыг үзээд байхад Оросууд Хятадад нийлүүлэх хийг эхэндээ манайд харьцангуй ойр байдаг Эрхүү муж дахь ордоос, цаашдаа Хойд мөсөн далайн ойролцоох Ямалын ордоос хоолой барьж татах юм байна. Орд газруудад өрөмдлөг хийж хий олборлох, цэвэршүүлэх, өндөр даралтын шахуургын станцууд болон ажилчдын суурин барих, эзгүй тайга, намаг дундуур хэдэн мянган километр хоолой тавихад нийтдээ 50-100 тэрбум ам.доллар шаардагдах болно гэж шинжээчид бичсэн байх юм билээ. Бас тэгээд Хятадын тал өөрийн нутаг дээрээ хоолойгоо тавина. Ингэж бодохоор энэ бол гурван орныг хамарсан үнэхээр том мега төсөл. Энэ дашрамд тэмдэглэхэд, 1956 онд ашиглалтад орсон гурван орныг холбосон УБТЗ бас яах аргагүй мега төсөл байсан юм.

Нэмж бас нэг зүйлийг хэлэхэд, Эрхүү мужийн захиргаа ийм санал дэвшүүлж байсан юм. Хийн хоолой барих гэж асар их газар шорооны ажил болдог тул нэг мөр хамтад нь төмөр зам, хурдны авто зам, өндөр хүчдэлийн шугам, өндөр хурдны шилэн кабель тавья гэж.

Одоо байгаа төмөр зам болон авто зам зүүн тийш ихэд хазайж Улаан-Үд хотоор дайрдаг. Гэтэл Эрхүүгээс шууд улсын хил хүртэл тавих юм бол харьцангуй богино болно, хөрөнгө, хугацаа ч хэмнэгдэнэ. Транссибирийн төмөр замын хамгийн ачаалалтай (олон даваатай учраас) хэсгийн ачаалал ч багасах гэнэ. Бас л бодууштай санал.

-Хийн хоолой манай нутгаар тавигдах юм бол төмөр замын адил төмөр тор татаж Монголыг хоёр хуваана, хоолойн аюулгүй байдлыг хангахаар Оросоос зэвсэгтэй хамгаалалтынхан ирж байрлана гэж зарим хүн ярьж бичиж байна. Энэ талаар та юу гэх бол?

-Ийм зүйлийг мэдэхгүй хүмүүс нь бичээд байна уу, эсвэл мэддэг ч ямар нэгэн шалтгаанаар хоолой бариулах сонирхолгүй хэсэг бүлгийн төлөөлөл албаар ингэж бичээд байна уу би ойлгохгүй байна. Улс хоорондын хийн хоолой нь магистраль шугам учраас газар доогуур тавигддаг. Дээгүүр нь тариа ногоо тарих, мал бэлчээхэд ямар ч саадгүй, тэр ч байтугай зам тавихыг хүртэл зөвшөөрдөг. Аюулгүй байдлыг нь видео камер, дрон зэргээр хянадаг болсон юм билээ.

-Сүүлийн үед хятадууд Оросоос хий авахгүй, өөрсдөө хийн томоохон орд газар нээсэн. Тиймээс манайхаар дайрах хоолой баригдахгүй гэж бичиж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-За би нэг их мэдэмхийрээд яах вэ. Хэвлэлд гарсан албаны зарим хүний хэлсэн үг, нийтлэгдсэн материалыг эш татъя. Өнгөрсөн зургаадугаар сард А.Миллер “Газпром" НХН-ий хувьцаа эзэмшигчдийн хурлын дараагаар өгсөн ярилцлагадаа Хятадын хийн хэрэгцээ 2019 онд 300 тэрбум шоо метр байсан. 15 жилийн дараа энэ тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа учраас бид хоолойгоор нийлүүлэх хийн хэмжээгээ 130 тэрбум шоо метрт хүргэхээр тэдний талтай ярилцаж байгаа гэсэн байна. Бас Хятадын хэвлэлүүдэд ч иймэрхүү мэдээ нийтлэгдсэнийг интернетээс уншиж болно. Гэхдээ асуудал байна уу гэвэл бас байна. Яагаад гэвэл Төв Азийн болон Арабын орнууд, АНУ, Мьянмар гээд Хятадад хий нийлүүлэх сонирхолтой орон олон байдаг. Эцсийн шийдвэрийг худалдан авагч болох хятадын тал л гаргана. Хамгийн чухал нь найдвартай байдал болоод үнийн асуудал. Хийг Оросоос хоолойгоор авах нь илүү хямд болох талтай, тэр тусмаа манайхаар дайруулбал бүр хямдарна. Бодит байдал нь ийм л байгаа.

-Эцэст нь асуухад та энэ төсөлд ямар оролцоотой байна?

-Хийн хоолойн тухай идэвхтэй яригдаж эхлэхээс өмнө Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн төсөл боловсруулах, дараагаар нь хийн хоолойн талаар яриа хэлэлцээ хийж эхлэхэд холбогдох эрх бүхий хүмүүст зөвлөж, зарим уулзалт, хэлэлцээ, хурал, баримт бичгийн төсөл боловсруулахад оролцож байлаа. Одоо бол санаа оноо хэлэх, Элчин сайдаар ажиллаж байсан, хааяа олон улсын хуралд уригдан оролцдог хүний хувьд энэ ажилд хэрэг болох өөрийн танил гадна, дотны хүмүүстэй уулзалт, арга хэмжээ зохион байгуулах зэргээр оролцож болох юм.

Зураг