Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын 22 мужид коронавирусийн халдварын тохиолдол өсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын 50 мужийн 22-т нь коронавирусийн халдварын тохиолдол өссөн тухай Ройтерс агентлаг өөрийн тоо баримт дээр үндэслэн мэдээлжээ.

Даваа гарагт тус улсад “Labor Day” буюу Америкийн ажилчдын алдрыг хүндэтгэх бүх нийтийн амралтын өдөр тохиож, гурван өдөр дараалан амарч байгаа.

Энэ баярыг зуны амралтын дараа гэр бүлүүд бөөндөө цугларч тэмдэглэдэг тул халдвар нэмэгдэх магадлалтай гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд болгоомжилж байна.

Ердөө гурван долоо хоногийн өмнө Хавай, Иллиноис, Өмнөд Дакота гэсэн гурван мужид халдварын тохиолдол өсөлттэй байсан бол сүүлийн долоо хоногийн байдлаар 22 мужид өссөн байна.

Халдварын тохиолдол өссөн мужууд нь хүн ам цөөтэй Дундад Өрнөд болон Өмнөдийн мужууд байгаа ажээ.

Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын хэмжээнд хамгийн олон халдварын тохиолдол нэг өдөрт бүртгэгдэж байсан нь тавдугаар сарын сүүлээр тохиосон “Memorial Day” буюу дайнд амиа алдсан цэрэг дайчдыг дурсах бүх нийтийн амралтын өдөртэй холбоотой дэгдэлтийн үр дүн гэж тайлбарлаж байв.

“Labor Day” амралтын өдрийн өмнө тус улс даяар өдөрт 44,000 тохиолдол дунджаар бүртгэгдээд байна. Энэ нь “Memorial Day” баярын өдрүүдийн үеийн тооноос хоёр дахин өндөр байгаа юм.

Ням гарагийн байдлаар АНУ-д халдварын батлагдан тохиолдол 6.2 сая гаруй болж, 188 мянга гаруй хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: The Guardain