Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн хөрш Литва улсад NATO-гийн олон зуун цэрэг иржээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн дараа тогтворгүй байдал үүсээд буй Беларусь улсын хөрш Литва улсад Бямба гарагт хэдэн зуугаар тоологдох NATO-гийн цэрэг ирснийг эх сурвалжууд мэдээлжээ.

Үүнээс гадна хэдэн арван Abrams загварын танк өчигдөр үдээс хойш Польш улсаас Литвийн хилийг давсан байна. 

 

Арваннэгдүгээр сарыг хүртэл үргэлжлэх байлдааны дадлага сургуулилтад оролцохоор NATO-гийн цэрэг, зэвсэг ирсэн нь тус бүс нутагт болж буй үйл явдалтай хамаагүй, урьдчилан төлөвлөсөн ажил байсныг Литвийн батлан хамгаалах яам мэдэгджээ.

Наймдугаар сарын 9-нд Беларусьт болсон сонгуулиар 26 жил тус улсыг удирдаж буй Александр Лукашенко зургаа дахь удаагаа ерөнхийлөгч болсон юм.

Сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановская сонгуулийн дараа Литва руу дүрвээд байгаа.

Сонгуулийг луйвардсан, иргэдийн тэмцлийг нухчин дарсан шалтгаанаар Литва, Латви, Эстони улсууд Лукашенко тэргүүтэй албан тушаалтнуудыг хар жагсаалтад оруулсан юм.

Лукашенко NATO-гийн цэрэг зэвсэг баруун хилийнх нь дагуу бөөгнөрч байгааг шүүмжилж, өөрийн улсын зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байгаа.

Үүнээс гадна хөрш ОХУ-аас цэргийн тусламж авахаар тохиролцсоныг тэр мэдэгдэж байв.

2014 онд Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсэнтэй холбоотой NATO өөрийн цэргийг гурван жилийн өмнөөс Польш, Балтийн тэнгисийн гурван улсад тогтмол байрлуулах болсон юм.

 

Эх сурвалж: AFP