Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Үхэр ачсан хөлөг онгоцны эрлийн ажиллагааг зогсоох болсноо Японы аврагчид мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландаас Хятад руу 5,800 үхэр тээвэрлэж явсан “Gulf Livestock 1” хөлөг Японы эргээс холгүй далайн хар салхинд осолдоод байгаа билээ.

Лхагва гарагт осолдсон хөлгийг эрэн хайх, аврах ажиллагааг Японы эргийн хамгаалалтын алба гүйцэтгэж байгаа. Хөлөг дээр явсан нийт 43 хүний гурвыг нь өнөөдрийн байдлаар олоод байгаагаас хоёр нь амьд үлдэж, нэг нь нас барсан юм.

Хөлөг осолдох үед Зүүн Хятадын тэнгист дөрөвдүгээр ангиллын буюу секундэд 58 метр хурдтай “Майсак” хар салхи дэгдээд байжээ.

Ням гарагт буюу өнөөдөр хоёр дахь хүчтэй хар салхи “Хайшун” тус бүс нутагт дэгдэх төлөвтэй байгаа тул эрлийн ажиллагааг Бямба гарагаас эхлэн түр зогсоосноо Японы аврах алба мэдээлсэн байна.

Цаг уурын нөхцөл байдал цаашид яаж өөрчлөгдөхөөс хамааран эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх эсэхээ шийдэхээр болжээ.

Хөлгийн багийн эхний хүнийг Пүрэв гарагт далайд хөвж байхад нь олж байв. Баасан гарагт дахин хоёр хүн олсны нэг нь ухаан оролгүй байсаар амьсгал хураасан юм. Харин хоёр дахь хүн болох 30 настай Филиппиний иргэн амьд үлджээ.

Дөрөвдүгээр ангиллын “Хайшун” хар салхи өнөөдөр Японы Кюшү аралд хүрэх бол Даваа гарагт Солонгосын хойгт хүрэх төлөвтэй байна.

133 метр урт “Gulf Livestock 1” хөлөг дээр нийт 43 хүн явсны 39 нь Филиппиний иргэд, хоёр нь Австралийн, хоёр нь Шинэ Зеландын иргэд байжээ.

Амьд гарсан хоёр хүн нь хоёул Филиппиний иргэд байна. Эхний хүн нь аврах хантаазтай далайн усанд хөвж байсан бол хоёр дахь хүн нь жижиг завин дээр хөвж байжээ.

 

Эх сурвалж: CNN