Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Навальныйг Зөвлөлтийн үеийн химийн зэвсэг болох Новичокоор хордуулсныг тогтоосноо Германы засгийн газар зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг хордуулсан бодис нь Зөвлөлтийн үед бүтээсэн химийн зэвсэг Новичок болохыг тогтоосноо Германы засгийн газар Лхагва гарагт зарлажээ.

Уг бодисоор Оросын экс тагнуулын ажилтныг хордуулсан болохыг 2018 онд Их Британийн эрх баригчид бас зарлаж байсан юм.

Германы армийн лабораторид хийсэн шинжилгээгээр хүний мэдрэлд нөлөөлөх Новичок төрлийн химийн бодис хэрэглэснийг ямар ч эргэлзээгүй тогтоосон тухай канцлерь Ангела Меркелийн хэвлэлийн төлөөлөгч Стеффен Сейбэрт мэдэгджээ.

Кремлийн бодлогыг шүүмжлэгч, авлигатай тэмцэгч Алексей Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Сибирийн Томск хотоос Москва руу нисэж явахдаа ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн юм.

Омск хотын эмнэлэгт анхан шатны тусламж авсан Навальныйг хоёр хоногийн дараа Берлин хотын Charite эмнэлэгт шилжүүлж байв. 

Германы засгийн газар дээрх дүгнэлттэй холбоотойгоор ОХУ-ын талаас тайлбар шаарджээ. Мөн шинжилгээний дүгнэлтийг Европын Холбоо, NATO-гийн түншүүдтэйгээ хуваалцаж, Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагатай холбогдохоор төлөвлөжээ.

Германы эмч мэргэжилтнүүдийн эхний дүгнэлтийг Навальныйг анх эмчилсэн Омск хотын эмч нар няцааж байв.

Charite эмнэлгийн сүүлд мэдээлснээр Навальный комоос гараагүй байгаа ч биеийн байдал нь тогтворжсон гэнэ.

Новичокыг хүйтэн дайны үед Зөвлөлт Холбоот Улсад химийн зэвсгийн зориулалтаар бүтээж байжээ. Үүнийг зөвхөн Орос улсад үйлдвэрлэж байсныг Өрнөдийн зэвсгийн мэргэжилтнүүд баталж байна.

Гишүүн орнуудад нь Новичокын нөөц ганц ч удаа бүртгэгдэж байгаагүйг Химийн Зэвсгийг Хориглох Байгууллага зарлаж байв.

2018 онд Британид амьдардаг Оросын тагнуулын ажилтан асан Скрипаль, түүний охин Жулия нарыг ийм бодисоор хордуулсныг тогтоосон юм. Хордуулах ажлыг зохион байгуулсан Оросын хоёр иргэнд Британийн тал хэрэг үүсгэсэн ч ОХУ тэднийг шилжүүлж өгөхөөс татгалзсан байна.

Новичокыг “Nina Ricci” брэндийн үнэртэй усны лонхонд хийж хилээр нэвтрүүлээд өмнөд Английн Солсбэри хот дахь Сергей Скрипалийн гэрийн хаалганд цацсан гэж Британийн цагдаа нар тухайн үед дүгнэсэн юм. Новичокыг хийсэн лонхыг гурван сарын дараа нутгийн иргэн 48 настай Чарли Раули олж байжээ. Тэрээр лонхонд хүрснийхээ дараа хордож эмнэлэгт хэвтсэн бөгөөд түүний найз бүсгүй 44 настай Даун Старгес удалгүй нас барсан юм.

 

Эх сурвалж: Associated Press