Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

АН, МАХН, ШИНЭ намууд орон нутгийн сонгуульд хамтарч оролцоно

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Улс төрийн зарим нам хамтарч орон нутгийн сонгуульд оролцох болсноо өнөөдөр мэдэгдлээ.

Энэ үеэр Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам болон Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намууд 2020 оны аравдугаар сарын 15-нд товлогдсон орон нутгийн сонгуульд хамтран оролцох тунхаг бичигт гарын үсэг зурав. 

Энэ талаар Нийслэлийн Ардчилсан Намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа “Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны хооронд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа орон даяар зохион байгуулагдаж байгаа.

Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаад сонгуулийн хороогоо байгууллаа. Орон нутгийн сонгуулийн хороог байгуулахдаа зөвхөн МАН, АН-аас санал авсан. Урьд нь Иргэдийн төлөөлөгчийн хурал иргэдээсээ санал авч байгуулдаг байсан бол энэ удаад намуудаас санал авч байгуулсан. Ингэхдээ орон нутгийн сонгуульд оролцох намуудын төлөөллийг сонгуулийн хороонд оролцуулаагүй. 

2020 оны УИХ-ын сонгуулиар санал өгсөн иргэдийн 44 хувийн саналыг авсан МАН нь УИХ-ын 82 хувийг бүрдүүлж байна. Мөн Засгийн газрын бүтцийг 100 хувь бүрдүүлдэг. Энэ бүх шударга бус зүйлийг цэгцлэхийн төлөө нийслэлийн Ардчилсан нам, Нийслэлийн МАХН, ШИНЭ нам хамтарч ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурахаар цуглаад байна” гэлээ. 

Уг мэдэгдлийн дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Улс төрийн намууд орон нутгийн сонгуульд эвсэл болж оролцоно гэсэн үг үү?

-Сонгуулийн хуулийн дагуу эвсэл байгуулах цаг оройтсон. Хоёрдугаарт, Монголын улс төрийн намууд сонгууль шударга бус явагддаг гэдэг дээр санал нэгдсэн. 2012 оноос хойш сонгуулийн хороодыг зөвхөн төрийн албан хаагчид бүрдүүлдэг болсон. Үүний үр дүнд Монголд ардчилал байхгүй болох эхлэл тавигдсан.  

Ардчилал гэж улс төрийн намууд хоорондоо эрх тэгш өрсөлдөж байгааг хэлнэ. Гэвч өнөөдөр иргэн өөрийнхөө мөнгөөр сонгуульд оролцдог бол эрх барьж байгаа нам төсвийн мөнгөөр сонгуульд оролцдог болчихоод байна. Тиймээс улс төрийн намууд хамтарч сонгуульд оролцоно. Хамтарна гэдэг нь нэг тойрог дээр эрх барьж байгаа намаас гадна сөрөг хүчнээс аль нэг нь байна гэсэн үг. Тухайн тойрог дээр МАХН-аас нэр дэвшиж байгаа бол АН, ШИНЭ нам дэмжиж ажиллана.  

-Сонгуульд хамтарч оролцохоо мэдэгдэж байгаа намууд тухайн тойргийнхоо суудлыг хэрхэн хуваах вэ?

-Энэ асуудлыг хурлаар шийднэ. Бидний хурлууд болоогүй байна. Есдүгээр сарын 6-наас хойш тохиролцоо, квот шийдэгдсэний дараа дахин мэдээлэл хийж, аль тойрогт хэдэн хүн дэвшүүлснээ зарлах болно. 

 

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу сонгуультай холбоотой бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв